Монгол цэргүүд Америк цэргийн амийг аврав

Одоогоос 9 жилийн өмнө буюу 2004-02-18-ны өдөр Иракт амиа золиослогч этгээд олон орны цэрэг дайчдын байрлаж байсан цэргийн баазад халдаж, тэсрэх бөмбөг дэлблэхээр явж байхад нь тухайн үед харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан манай улсын цэргийн албан хаагчид болох Зэвсэгт хүчний 084-р ангийн салааны захирагч Г.Аззаяа, Зэвсэгт хүчний 016-р ангийн салааны захирагч Ш.Самбууёндон нар түргэн шуурхай ажиллаж, халдлагыг зогсоож, баатарлаг гавъяа байгуулж байсан.

Харин энэ удаад манай улсын цэргийн албан хаагчид мөн л хүний амь нас аварсан томоохон гавъяа байгуулжээ. Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа Н.Очирбат захирагчтай ЗХ-ний 337-р ангийн ахлагч Оюунбатын Анхболд, ЗХ-ний 186-р ангийн ахлагч О.Болдбаяр нар Америкийн цэргийн албан хаагчийн алтан амийг үерийн уснаас аварч баатарлаг гавъяа байгуулжээ. Энэ үйл явдал одоогоос сар гаруй хугацааны өмнө болсон бөгөөд Афганистан улсад борооны улирал эхэлж, их хэмжээний бороо орсноос уулнаас хүчтэй үер бууж, тус үерт автсан Америкийн цэргийн албан хаагчийн амь насыг манай улсын албан хаагчид аварчээ.

Эрдэнэт хүний алтан амийг аварч, эрэлхэг зоригтой гавъяа байгуулсан албан хаагчдаараа Монголчууд бид бахархаж байна. Монгол Улсын цэрэг, бие бүрэлдэхүүний тухайд гадны улс оронд үүрэг гүйцэтгэх чадамж өндөртэй учраас дэлхийн улс орнууд манай улсын албан хаагчдыг ихэд үнэлдэг.

Эх сурвалж: www.aravt.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ