Чехийн ерөнхий сайд огцорлоо

Чехийн Засгийн газрын тэргүүн Петр Нечас өнөөдөр албан тушаалаасаа бууна. Энэ талаар тэрээр өчигдөр өөрийн тэргүүлдэг Иргэний ардчилсан намынхантайгаа уулзалт хийсний дараа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Чехийн цагдаагийн байгууллага урьд үзэгдээгүй томоохон хэмжээний авилгын эсрэг үйл ажиллагаа явуулж, Ерөнхий сайдын ойрын туслах болон хэд хэдэн төрийн өндөр дээд тушаалын албан хаагчдыг баривчилсан. Дараа нь Засгийн газрын төв аппарат, Батлан хамгаалах яам, Праг хотын захиргааны байранд нэгжлэг явуулсан юм.

Сөрөг хүчний намаас Сайд нарын танхимын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, огцрохыг шаардсан. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдаж, дахин шинээр томилогддог журамтай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ