Америк БНАСАУ-тай хэлэлцээ хийхийг зөвшөөрөв

АНУ-ын эрх баригчид Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгджээ. Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтийн тогтоолуудыг биелүүлж, цөмийн зэвсэггүй болгохыг зөвшөөрөх ёстой гэж Вашингтонд онцлон тэмдэглэсэн байна.

“Бид яриа хэлэлцээ хийхэд үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд БНАСАУ-тай харилцаа тогтоох бүх шугам нээлттэй байна” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейтлин Хейдин батлан илэрхийлжээ. Түрүүнд нь Умард Солонгос тус орны цөмийн хөтөлбөр болон аюулгүй байдлын асуудлаар өндөр хэмжээнд хэлэлцээ хийхийг АНУ-д санал болгосон юм. БНАСАУ, БНСУ-ын сайд нарын хэмжээний хэлэлцээ тасалдсанаас хойш хэдхэн өдрийн дараа Пхеньяны эрх баригчдаас санал иржээ.

“Хэрвээ АНУ Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг зөөлрүүлж, АНУ-ын нутаг дэвсгэрийг оролцуулан бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоохыг үнэхээр хүсч байгаа бол, тус улс ойртох, яриа хэлцээ хийхийг эсэргүүцэх ёсгүй. БНАСАУ, АНУ-ын хооронд өндөр хэмжээнд хэлэлцээ хийхийг бид санал болгож байна” гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгджээ. Ингэхдээ Умард Солонгос хэлэлцээ хийх“ тааламжтай газар, цаг хугацааг” сонгох эрхийг АНУ-д олгож байна.

Солонгосын хойгийн районд АНУ, БНСУ цэргийн өргөн цараатай тактикийн сургуулилт хийж эхлэсний дараа энэ оны гуравдугаар сард Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Цэргийн өдөөн хатгалга үйлдвэл, “дайны цагийн хуулиар” хариу барина хэмээн БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн билээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн зургаан талын хэлэлцээний ширээнд буцаж суухыг тавдугаар сарын 19-нд БНАСАУ-д уриалсан юм. БНАСАУ өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн гэж 2005 онд зарласан билээ. 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн туршилт хийж, үүнийг нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ