Шилийн богдод гарсан шинэ цагийн хулгайчид

Эх орныхоо хүн ардын ёс заншил, эрхий дарам газрын онгон дагшныг хөндөөгүй гэдгээ юуны өмнө хэлэх нь зүйтэй болов уу. Ямар нэг хол, ойрын бодол давхар тээгээгүйгээ ч өчье.

Баабарын нэгэнтээ хэлснээр “Сайн эрс чинь өнөөгийн малын хулгайчид шүү дээ” гэсэнтэй санаа харин дүйж магад. Шилийн богд гэж нэг багашаархан уул Сүхбаатар аймгийн нутагт байдгийг эрчүүд ерөнхийдөө мэдэх байх.

Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман болон кинонд гардаг билээ. Киног нь олон хүн сайн санаж байгаад итгэнэм. Бидний ихэнх тэндээс л эл уулын тухай анх сонссон биш үү?. Баян Итгэлтийн хүү Хонгорын мөрөөдөл болсон уул гэхэд болно. “Тэр уулан дээр гараад өглөөний ургах нарыг харсан хүн сайн эр болдог юм” хэмээн Засагт хааны “цахиур” Төмөр хэлдэггүй юу.

Түүнийг нь Хонгор зүүдлээд “Хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй” гээд тангарагладаг биз дээ.Тангараг өргөсөн л бол гүйцээ. Как раз/тэр дороо/ сайн эр. Сайн эр бол сайн эр. Буцах замдаа л баячуудын малаас тасдан хөөж эхэлнэ.

Ядууст тараадгийг нь сайшааж болох. Гэхдээ л наанатай, цаантай ажгуу. Хошуудын тахрууд хөөгөөд л, хэрэв баривал хар гэрт хорьж, есөн эрүүгээр шүүж, хэрэг тулгана. Зарим нь даваад гардаг байсан гэх. Хэргээ хүлээчихвэл шоронгийн хадаас болох нь гарцаагүй. Өнөөгийн өнцгөөс аваад үзье.

Нэг нөхөр Шилийн богдод гарчихаад буцахдаа Төв аймгийн малчин, Хөдөлмөрийн баатар Хэнмэдэх гуайн малаас хэдийг таслаад хөөчихөж гэе. Баригдвал юу болох вэ? Төв аймгийн мөрдөнд ястайгаа хатаж, хэрэвзээ амьд гардаг юм бол дор хаяж таван жилээр “аав”-ынд илгээгдэнэ биз дээ. Эгэл эрчүүдийн хувь заяа ингэж л эргэнэ дээ.

Одоо томчуудын хувьд нэг сонжих уу, хамтдаа. Манай төр, засгийн томчууд, эрхэм гишүүд, пүүс компанийн захирлууд бараг бүгд Шилийн богдод гарсан байдаг юм. Багаар бодоход 80-аас дээш хувь нь. Дээр үед мориор зорьж очдог болохоор их ховор байсан нь ойлгомжтой.

Ёстой шийртэй аавын хүү л очно. Харин одоо жийптэй болгон очдог, гардаг тул жирийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Хэн хэн тэнд гарсныг нэрлэх шаардлагагүй байх. Зарим нь орхигдоод “гомдож” магадгүй. Тэд гараад тангараг өргөх нь тодорхой.

Эрхбиш хүн юм болохоор нэгийг дотроо сүслэх нь гарцаагүй. “Харснаа ч тууна, хаяагаа ч хадрана” хэмээн тангарагладаг болов уу гэх хар төрдөг юм. Яагаад гэхээр манай томчуудаас янз бүрийн юм гардаг болов. Бид түүнийг нь нүдээ аргатал үзэж, чихээ шуугитал сонсож, хэлээ дултиртал уншдаг, ярьдаг боллоо.

Аллага, авлига, хар бор тамхи, хүний наймаа, газрын луйвар, мөнгө угаалт, тендер гээд бүхнийг тэд л хийсэн дээ. “Шилийн богдод гарцгаасан юм чинь арга байж уу” хэмээн бодогдох болсныг нуух юун. Шилийн богдод гарсан шинэ цагийн хулгайчид гэж.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ