Багш нар сурагчдаас хандив, хураамж авбал АТГ-т мэдэгдэх боломжтой

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсанд 2017 оны эхний улирлын байдлаар ирсэн санал гомдлын багагүй хувийг боловсролын байгууллагатай холбоотой санал, гомдол эзэлжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар хүүхдүүдээс элдэв , хураамж, хандив нэрээр мөнгө хураан авч байгаа талаар, мөн шалгалтын комиссын үйл ажиллагааны зардалд мөнгө цуглуулж өгч байна гэсэн утга бүхийгомдол, мэдээлэл ирсэн гэдгийг албаныхан онцолж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”,Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасан байдаг аж.
Тиймээс АТГ-аас дээрхи зөрчлийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагад нь хүргүүлж байгаа аж.
Ер нь иргэд энэ талаарх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсаар орж гомдол өгөх гэсэн холбоосонд хандана, мөн contact @iaac.mnцахим шуудангийн хаягаар гомдлоо ирүүлэх боломжтой. Мөн 1800-1969 тусгай дугаарын утсанд энгийн утасны тарифаар иргэд, байгууллагаас авлига ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталтай ажил үйлчилгээний талаархи болон албан тушаалтаны ёс зүйн харилцааны талаар гомдол мэдээлэл өгч болно гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ