Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 27-ны өдрөөс зогсооно

Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгууль, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар хуулийн дагуу зохицуулсан байдаг билээ.
Тэгвэл ирэх зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан энэ сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм байна.
Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ