Намайг дагаад жагс....

Татвар нэмлээ. Татвар нэмсэн улстөрчдийн буруу биш тэднийг сонгосон ард түмэн буруутай болоод энэхүү асуудал эцэслэж байх шиг байна. Жагсаал цуглааныг утгагүй болгохын тулд янз бүрийн нэр хоч өгдөг. Энэ удаагийн жагсаалыг ч С.Жавхлангийн жагсаал хэмээн нэрлэж байх жишээний. Гэвч ачир дээрээ ард түмний жагсаал цуглаан байж чадав. Оффшор бүсэд мөнгө хуримтлуулсан улстөрчдиййн эсрэг ард түмэн үгээ хэллээ.

Алив зүйлд тогтсон хэмжээ хязгаар гэж бий. Хязгаар давсан татварын болон бусад асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Сүхбаатарын талбайд жагслаа, жагсаал нь суулт боллоо. Энэ бол ирээдүйнхээ төлөө хийж буй тэмцэл юм. Маргаашийн зөв сонголт, зөв хэвшил, зөв улстөрийн төлөө тэмцэхээс өөр аргагүй байдал нийгэмд тулгарсны илэрхийлэл ч гэж хэлж болно.

Жагсагчид ирээдүйнхээ төлөө, улс орны тусгаар тогтнолын төлөө жагсч байна. Энэ удаагийн жагсаал нь хэд хэдэн онцлогтой болж буйгаараа өмнөх жагсаалуудаас ялгарч байна.

Нэгдүгээрт манай улс оффширчидтэй тэмцэх анхны аянаа энэхүү жагсаалаар эхлүүлж байна. Хоёрдугаартурд өмнө жагсаал цуглаан, элдэв улстөрийн үйл ажиллагаанд тэр болгон оролцоод байдаггүй нэрт зохиолчид, улстөрчид ч зорин ирж, үзэл бодлоо илэрхийллээ.

Гудамжны жагсаалаас илүүтэй зохион байгуулалтай, үнэт зүйлтэй, хэн нэгэн улстөрч, улстөрийн намын бус зөвхөн улс орны ирээдүйд зөв хэвшил бий болгох зорилт тавьсан гэдгээрээ ч өмнөх хавруудын жагсаал цуглаанаас далайцтай, ач холбогдол бүхий жагсаал, суулт болж байна.

Улс орны өнөөдрийн байдал энэ хэвээр цааш үргэлжилвэл тусгаар тогтнол, эдийн засаг алив нэг эрх мэдэлтнээс хараат бус оршиход бодит аюул нүүрлэж байгааг эндээс харж болохоор байна. Жагс, цугла гэж ард түмнийг уриалахгүй. Гэхдээ ирээдүйнхээ, эрх чөлөөнийхөө төлөө өнөөдөр та үгээ хэлэхгүй бол маргааш бусдын эрхшээлд үг хэлэх боломж гарахгүй гэдгийг танд сануулах юун.

Үгээ хэл. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэсэн хэлц үг бий. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө мөнгө хураах, эд хөрөнгө цуглуулах бус эрх чөлөө, эх орон, үнэт баялгийг нь гишгэх газартай нь үлдээх үүрэгтэй бид. Нэг ч гэсэн УИХ-ын гишүүн намайг дагаад жагс хэмээн уриалж байгаа нь олзуурхууштай.

Б.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ