Нэль Сакер: Олон салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ

Олон улсын валютын сан/ОУВС/-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэль Сакер өчигдөр/2017.04.18/ Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзаж, ярилцлаа. Уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болсон ч өндөрлөснийх нь дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?

-ОУВС-гийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад оршиж байна. Эдийн засаг тогтворжсоноор эдийн засгийн өсөлт гарч, ажил эрхлэлт нэмэгдэнэ.

-Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд долоон төрлийн татварыг нэмэхийг ард иргэд эсэргүүцэж байгаа. ОУВС хэрхэн хүлээн авч байна вэ?

-Монгол Улсад төсвийн алдагдал маш өндөр төвшинд байна. Төсвийн алдагдал өндөр байгаагаас Засгийн газар маш их хэмжээний зээл авч, алдагдлаа санхүүжүүлэх шаардлага тулгарч байгаа. Зээлийн өртөг нь өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруундаа үүрэх нь ойлгомжтой.

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай.

Зарлагыг бууруулах хүрээнд төрийн албан хаагчийн цомхотгох шаардлага гарч болох байсан ч хямралтай үед ажлын байрыг хадгалах нь чухал юм гэж үзээд хэвээр хадгалсан, нийгмийн халамжийг бууруулах тухай огт хөндөөгүй.

Орлогыг нэмэгдүүлэх тал дээр татварын нэмэгдэл яригдсан.

Татварын хувьд НӨАТ-ыг нэмэгдүүлэхгүй байх зарчим барьсан. Яагаад гэвэл НӨАТ орлогоосоо үл хамаарч өргөн хүрээнд үйлчилдэг татвар учраас зайлсхийсэн. Татварын нэмэгдлийн тухайд илүү өндөр орлоготой хүмүүст өндөр татвар ногдуулдаг систем нэвтрүүлэхийн төлөө ажилласан.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, тэтгэврийн нас нэмэх асуудал хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орж ирсэн нь иргэдэд нэлээд дарамт учруулж мэдэхээр байна. Эдгээр асуудлыг эргэн харах боломжтой юу?

-Монгол Улсын Нийгмийн даатгалын сан нь төлбөрийн чадваргүй болсон. Жилээс жилд төсвөөс олгох татаасын хэмжээ нэмэгдэж байгаа. Цаашдаа татаасыг төсөв өөрөө даах аргагүй байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг нэг жилд биш нэлээд хэдэн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

-Эдийн засаг хэзээ тогтворжих вэ?

-Монгол Улсын цаашдын эдийн засгийн төлөв байдлын хувьд нэлээд өндөр хүлээлттэй. Уул уурхайн салбар эрчимтэй өсч байна, хөдөө аж ахуйн салбарт маш их боломж бий. Эдийн засагт итгэх итгэл сэргэж эхэлж байна. Төгрөгийн ханш тогтворжиж ирлээ. Энэ жилийн тухайд өсөлт харагдахгүй ч дараагийн жилээс өсөлт тодорхой хэмжээгээр бий болно.

Итгэл сэргэсэн учраас олон салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн итгэл байна. Илүү олон ажлын байр бий болоод явах байх.

-Засгийн газар ОУВС-гийн нэрийг барьж тохиролцсоноосоо гажиж, зарим нэг өөрчлөлт хийж, татварыг нэмсэн гэдэг зүйл яригдах боллоо. Тохиролцооноосоо буцсан зүйл байгаа юу?

-УИХ-аас баталсан 2017 оны төсвийн тодотгол тохирсон нөхцөлөөрөө батлагдсан. Төсвийн алдагдлыг бууруулах нь хамгийн чухал учраас орлого нэмэгдүүлэх, зардлаа бууруулах арга хэмжээг тэнцвэртэйгээр авч хэрэгжүүлсэн гэж харсан. Цаашдаа эдийн засаг тогтворжоод хөрөнгө оруулалт нэмэгдээд ирэхээр нөхцөл байдал илүү сайжирна.

-5.5 тэрбум ам.доллар хэзээ Монголд орж ирэх вэ?

-Санхүүжилтийн хувьд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Азид байгаа Монгол Улсыг тусалж дэмждэг байсан улсуудыг энэ хөтөлбөрийн санхүүжилтэд татан оролцуулаад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг тусгасан.

Дөрөвдүгээр сарын 28-нд болох ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсын хөтөлбөрийг эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулна. Үүний дараагаар санхүүжилт үе шаттайгаар Монгол Улсад орж ирнэ.

-МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзлаа. Үр дүнгийн талаар тодруулбал?

-Үр дүнтэй хэлэлцээ өрнүүллээ. Монгол Улсын хөгжилд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоо чухал байгаа. Хүмүүсийн ажил амьдралтай байх нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд шууд нөлөөлнө гэдгийг хоёр тал харилцан ойлголцлоо. Цаашдаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ