Б.Батболд хохирогчийн хүү рүү залгаад “Хоёулаа хутгалалцъя” гэсэн аж

Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн Батжаргалын Батболд нь 52 настай Д.Алтанцэцэг гэдэг эмэгтэйг харгис хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Хохирогч эмэгтэй Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч гэнэ лээ. Хэргийн талаар тодруулахаар түүнтэй холбогдлоо.
-Таныг зодуулсан гэж сонслоо. Биеийн байдал нь ямар байна?
-Би одоо Дархан-Уул аймгийнхаа нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт хэвтэж байна. Биеийн байдал сайнгүй байгаа болохоор сахиуртай байгаа юм. Нас дээр гарсан хойно айхавтар юм үзлээ.
-Хэн гэдэг хүнд зодуулчихсан юм бэ?
-2013 оны зургадугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн системийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Батболдод зодуулчихлаа. Тэр өдөр бичиг баримт канондуулахаар ажил дээрээ очсон юм. Тэгэхэд Б.Батболд өрөөндөө хүмүүс цуглуулчихсан шуугилдаад сууж байсан. Би бодохдоо сонгуулийн ажил хийж байгаа юм болов уу гэж бодсон. Тэр хүмүүс нь гараад явангуут би өрөөнд нь орсон юм.
-Яах гэж орсон юм бэ?
-Би түүний харалдаа өрөөнд суудаг юм. Тухайн үед би Хужиртын сувилалд яваад ирсэн. Тэгээд 550 мянган төгрөгийн тал зардлааавах ёстой байсан юм. Намайг ороход Б.БатболдДархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Гантуултай сууж байсан. Тэр хоёр мөнгө төгрөг авалцаж байснаа ихэд сандарч байх шиг санагдсан. Гантуул чинь манай хүүгийн ангийн хүүхэд байгаа юм. Тэгээд гараад явчихлаа. Би тэгэхээр нь Батболдоос “Эгч нь сувилалдхэвтсэний тал зардлаа авъя” гэсэн юм. Тэгэнгүүт л Б.Батболд уурлаж эхэлсэн.
-Юунаас болж тэр бэ?
-Б.Батболд “Та амьдрал бололцоотой байж яах гээд байгаа юм бэ. Би зав муутай байна” гэсэн. Тэгэхээр нь би “Би чамаас авах гээгүй байна. Үйлдвэрчний эвлэлээс гаргуулах хуультай” гэсэн байхгүй юу. Тэгтэл баахан өргөдөл харуулаад “Ийм их ажил байна” гэсэн юм. Тэгэхээр нь би “Чиний ажил наад өргөдлөө барагдуулснаар л харагдана даа. Чи намын ажил гээд үндсэн ажлаа хийхгүй байна” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан.
-Тийм үг хэлээд л өрөөнөөс нь гараад явчихсан хэрэг үү?
-Миний араас “Үйлдвэрчний ажлаа хийх эсэх нь чамд хамаагүй шүү” гэж хашгирсан. Дөнгөж 31 хүрч яваа хүүхэд шүү дээ. Тэгээд араас гүйгээд ирсэн. Би тоогооч үгүй. Шууд намайг барьж аваад хөлөөрөө дэгээдээд унагачихсан. Би унахдаа паар мөргөөд унасан юм билээ.
-Унагаад дэвссэн гэл үү?
-Би түүнийг арай ч дэвсэнэ гэж бодоогүй. Өрөөсөн хөлөөс барьж байгаад гэдэс рүү 3-4 удаа өшиглөсөн. Би дуугарч чадахгүй болонгуут үсдээд өндийлгөнгүүт доош хараад хэвтчихсэн. Тэгэнгүүт нуруу бөөр рүү өшиглөж эхэлсэн. Шүдээ хавираад л “Чам шиг авгайг алаад шоронд орно. Гүйцээнэ” гэж хашгирсан. Би зугтаах гэсэн боловч яаж ч чадаагүй. Нүүрээр маань шал мөргүүлээд байх үед ухаан алдвал алуулна гэж мэдэж байсан.
-Хэн нэгнээс тусламж гуйгаагүй юм уу?
-“Намайг аллаа. Туслаарай” гэж орилсон. Намайг зодуулж байгааг хамгаалагч мэдсэн юм билээ. Тэр ирсэн ч Б.Батболд улангасчихаад зодоод байсан. Дахин барьж аваад үсдээд нүүр рүү өшиглөхөд нь би ухаан алдчихсан байна лээ.
-Б.Батболдын гараас хэн таныг салгав?
-Би арай гэж өрөө рүү ороод өмгөөлөгч, цагдаа руу залгасан. Цагдаагийн хэрэг бүртгэгчТ.Үнэнбаяр гэдэг залуу ирсэн. Энэ үед Б.Батболд “Би юу гэж эмэгтэй хүн зодох вэ. Юу ч болоогүй” гэдэг юм даа. Харин цагдаа нь зөндөө ноцолдсон, нүдний шилийг маань хагалсан зэргийг хараад “Зодоогүй чинь энэ үү” гээд баривчлаад явсан.
-Та тэгээд эмнэлэгт хүргэгдсэн үү?
-Миний тархи хөдөлсөн байна. Зөөлөн эдийн гэмтэл авсан бололтой. Анх ирэхдээ нэлээд хүнд байсан бол одоо дээрдэж байна. Хэвлийн дээр өшиглөсөн гутлынх нь улны мөрөөр хөхрөлт үүсчихсэн харагдаж байгаа юм. Зулгаралт, урагдсан газрууд зөндөө байна.
-Таныг 30 минут тасралтгүй зодсон гэдэг үнэн үү?
-Ямар ч байсан би 15 минут зодуулаад ухаан алдчихсан юм билээ. Б.Батболдхамгаалагчийг харж байхад намайг зодоод байсан. “Би түргэн ууртай хүн” гэж хашгираад байсан гэдэг.
-Их түргэн ууртай хүн үү?
-Өөрийгөө зүрхний өвчтэй, түргэн ууртай юм гэсэн. Намайг ч биш олон хүнийг зоддог байсан юм билээ. Үйлдвэрчний эвлэлийн даргыг, бага эмч Оюуныг хүртэл зодсон байдаг. Бас гэмтлийн эмчийг зодсон гэх юм.
-Тэр хүмүүс чинь зодуулаад байдаг хэрэг үү?
-Бусдыг битгий хэл эхнэрээ хүртэл зодоод байдаг юм байна. Эхнэр нь түүний ааш авирыг тэвчилгүй нойрны эм уугаад эмнэлэгт ирж байсан. Намайг зодуулсан сургаар Дархан сумын иргэд ирж хэлцгээж байна.
-Б.Батболдыг бариад хорьчихсан уу?
-Нэг телевизийн сурвалжлагч дагуулчихсан “Надтай халз мэтгэлцээн хийе” гээд эмнэлэг дээр ирсэн байх юм.Ийм л арчаагүй амьтан байхгүй юу. Хийсэн хэргээ ч хүлээж чадахгүй арга саам хайж явна гэнэ лээ. Цагдаагийн газраас цагдан хорих хүсэлт гаргасан ч прокурорын газраас зөвшөөрөөгүй гэж дуулсан.
-Танаас уучлалт гуйсан уу?
-Уучлалт гуйгаагүй. Харин манай хүү рүү хэд хэдэн удаа залгасан байна лээ. “Хоёулаа сайхан хутгалалцъя. Чи намайг шаа” гэсэн байна. Тэгээд бүр сүүлдээ “Чамайг ээжтэй чинь цуг буудна, гүйцээнэ” гэж сүрдүүлж эхэлсэн дээ.
-Эрүүл биш нөхөр үү?
-Би Б.Батболдыг согтуу байсан бол ойлгоно. Тодорхой хугацааны дараа уучилж болно. Гэтэл цоо эрүүл хүүхэд алаад булна, нууна, гүйцээнэ гээд байх чинь аймаар юм билээ гэв.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Намсрайжаваас тодруулахад “З1 настай иргэн Б.Батболд 52 настай эмэгтэйг зодсон асуудал шалгагдаж байна. Зодсон гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тодорхой болж байгаа юм. Б.Батболдыг цагдан хорилгүй гадуур байцааж байна” гэлээ.
Т.Цогт-Эрдэнэ
Өдрийн сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ