Туркэд бараг 4 мянган төрийн албан хаагчийг халжээ

Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригчид сүүлчийн шалгалт цэвэрлэгээний явцад төрийн албанаас бараг дөрвөн мянган хүн халжээ.Тэдний дотор төрийн албан хаагч, цэргийнхэн, цагдаа нар, шоронгийн харгалзагчид, багш, эмч нар орсон байна. “Stockholm Center for Freedom” байгууллага ингэж мэдээлжээ. Туркийн хууль зүйн яамнаас хамгийн олон хүн халагдсан байна. Тэндээс 1177 хүнийг халжээ. Шашны хэрэг эрхэлсэн яаманд 200 гаруй хүн ажилгүй болсон байна.

Халагдсан хүмүүсийн дунд Туркийн зэвсэгт хүчний 447 албан хаагч, тэнгисийн цэргийн хүчний 141 албан хаагч, хуурай замын цэргийн 478 цэрэг байгааг мэдээллийн “Life” портал мэдээлжээ. Цомхотголд эрдэмтэд ч орж, 484 академич, их сургуулийн 98 багш халагдсан байна.Нэг телевизийн суваг, нэг сонин, 18 сан, 14 нийгэмлэг болон 13 эмнэлэг хаагджээ.

2016 оны зун төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа Туркийн төрийн байгууллагуудад өргөн цар хүрээтэй шалгалт хийж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ