Авилгад сэжиглэгдэж буй Монреаль хотын дарга огцров

Луйвар хийж, авилга авсан хэрэгт сэжиглэгдэж буй Канадын Монреаль хотын дарга Майкл Эпплбом мягмар гарагт огцорчээ.

“Хотын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж, үүний сацуу тулгаж буй хэргээс өөрийгөө хамгаалж болохгүй” гэж тэр хэлсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л Монреаль хотын 42 дахь даргаар тангараг өргөсөн 50 настай Эпплбом даваа гарагийн үүрээр гэрээсээ баривчлагдаж, Квебек мужийн цагдаагийн байгууллагын авилгатай тэмцэх салбарын байранд хүргэгджээ.Тэр тэнд барагцаалвал 10 цаг байцаагдсан байна.

Тэнд түүнд 14 зүйл анги, тухайлбал “луйвар хийж, авилга авч, сонгогчдын итгэлийг буруугаар ашиглаж, засгийн газрыг мэхлэх зорилгоор гэмт байдлаар хуйвалдсан ”хэрэгт сэжиглэж байгааг мэдэгдсэн байна. “Энэ бүгд нь 2006-2011 оны үеийн хоёр барилгын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой юм. Шийдвэр гаргаж, зөвшөөрөл олгосон хотын захиргааны ажилтнууд авилга авсан байна. Энэ нь олон мянган долларын тухай яриа юм” гэж цагдаагийн байгууллагын авилгатай тэмцэх албаны дарга тэмдэглэжээ. “Бид авилгыг цаашид тэвчихгүй. Хэн ч хуулийн дээр гишгэж таарахгүй” гэж тэр хэлсэн байна.

Энэ хэргийг цагдаагийн 20 ажилтан мөрдөн шалгажээ. Цаашид ч тодорхой хүмүүсийг баривчилж болохыг тэр үгүйсгэхгүй байна.

Эпплбом үл хөдлөх хөрөнгийн арилжааны ажлаас ажлын гараагаа эхлэжээ. 1994 онд хотын захиргаанд зөвлөхөөр сонгогдсон байна. 2002 оны нэгдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сарыг хүртэл Монреаль хотын нэг дүүргийн захиргааг тэргүүлж байжээ. Эпплбом сонгуулийн өмнөх кампанит ажлаа авилгатай тэмцэх уриатайгаар явуулж байсан байна. Өөрийнх нь дор ажилладаг хүмүүсийн дунд хээл хахуулийн явдал газар авч байгаа тухай өгүүллүүд хэвлэлд гарсны дараа өмнөх хотын дарга Жеральд Трембле огцорчээ. Монреаль хотод 1,8 сая хүн оршин суудаг байна.

Хотын даргыг сонгох шинэ сонгуульарваннэгдүгээр сард болох ёстой ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ