Цаатнаас ядарсан ястан цаана чинь байна

Чинээлэг мончоого айл Цэнгэлд бараг байхгүй. Мончоого гэдэг ястныг та ч мэдэхгүй байх. Тэр таны буруу биш. Төр нь хүртэл мартсан нэгэн ястан Монголд байдаг юм. Тэдний тухай мэдээ ч интернэтээс олдохгүй гэхэд хилсдэхгүй.
Тэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд бөөнөөрөө, Ховдын Буянтад хэсэг бусгаараа, Төв аймгийн Заамар, Дарханы Орхон, Сэлэнгийн Зүүнбүрэн, Улаанбаатарт цөөнөөрөө тархжээ. Гадаадад ч буй. Тухайлбал, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг, ОХУ-ын БНТУ гээд манайхтай хиллэдэг улс, аймаг ч бий. Тэд манай тувачуудын тасархай гэхэд буруутахгүй.
Түүхэн талаас нь хөөвөл язгуурын Монгол аймгийн нэгэн ажээ. Тэгэхээр хүний олонтойгоос нь биш, язгуураас нь ярих учиртай. Би түүхч биш болохоор номоос иш татъя. Түүхэнд тэмдэглэснээр тэднийг Тан улсын үеэс нэлээд тодорхой бичжээ. Энэ нь бүр 5-6 дугаар зууны үе л дээ. Тэр нь яван явсаар Монголын Их гүрэнд багтаж, улмаар Дуба сохрын удам болжээ.
Тагнын уулаар нутагтай эл нүүдэлчин аймаг анчид байсан агаад Чингис хааны үеэс цэрэг, армид татагдан оролцсон юм байх. Ингээд Алтайн долоон хошуу уриайнхайчуудын дотор багтсанаар тэднийг урианхай ч гэх болсон бололтой.
Хөвсгөлийн цаатнууд ч өөрсдийгөө тэднээс гаралтай гэж үздэг юм байна. Дээрх тува нар буюу мончоогууд ч цаатнуудаа бидний цус нэгт нөхөд хэмээдэг ажээ. Миний мэдэх түүх ердөө энэ. Гэхдээ энд түүх ярихыг голчлоогүй билээ.
Бидний дунд аж төрж буй нэгэн бага ястны хувь заяаны талаар хөндөх гэв. Монголчууд бид заримыгаа үндэсний цөөнх гэдэг. Тэгвэл тэд цөөнхийн цөөнх гэхэд хилсдэхгүй юм. Зөвхөн нэг аймгийн ганц суманд аж төрдөг шахуугаас нь харсан ч болно. Хүн ам нь хэд болохыг мэдэх боломж алга. Нэг сум гэхийг бодоход 3000 орчим хүн бий биз.
Тарж бутарсантайгаа нийлээд 5000 хүрэхтэй, үгүйтэй байж таарна. Ихээр бодоход шүү. Ажлын далимаар Баян-Өлгийд явж байхад амьдралын хувьд хамгийн тааруу нь тэд байв. Явуулын би тэгж харсан бол уучилна биз. Нэг муу навсгар бор гэрт өвөө эмээ, аав ээжтэйгээ амьдран суудаг юм билээ. Чухам ямар ажил хийдгийг мэдэхгүй.
Бидний орсон айлаар жишвэл архидахаас өөр ажил эрхэлдэггүй мэт санагдсан юм. Хэдэн жилийн өмнөх юм бичиж байгаагаа бас хэлэх хэрэгтэй байх. Тэгэхэд тэр хот айлд архидаж явсан хоёр нөхөр өөрсдийн гэр, эхнэр хүүхэд хаана зусаж байгааг ч мэдэхгүй байсан даа. “Намар сум доошлохоор харина даа” гэх шүү юм ярьж билээ.
Цэнгэл суманд орших цөөн хэдэн хүүхэдтэй тува бага сургуулийг эс тооцвол тэдний гэх юм бараг байхгүй санагдсан. Аймгийн төвд орж ирвэл казах, монгол сургуулийн аль нэгт ордог бололтой. Тэндээс цааш нэг их явдаггүй биз. Цус ойртох гэдэг хамгийн том аюул тэднийг бүтэн бүрхжээ.
Дотроо гэрлээд дуусаж байна гэсэн үг. Урианхайчуудтайгаа гэрлэх гэхээр аймаг, сум дамжих болдог. Казахуудтай ёс заншил таардаггүй бэрхшээлтэй.
Тэдний төлөөлөл төдийгүй монголчуудын оюуны соруудын нэг болсон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч "герман" тодотголтой Ч.Галсан гэж хүн буй. Ерээд оны дундуур "Их нүүднл" гээчийг санаачлан газар, газрын мончоогуудыг тэмээгээр нутагт нь хүргэж, германуудаар кино хийлгэн дэлхийгээр нэг цацсан удаатай.
Түүнийг нь мончоогууд үздэггүй юм билээ. Биднийг аваачаад л усанд хаясан чулуу шиг орхисон. Өөрөө нэр төр, эд хөрөнгийг харин ч нэг олсон доо. Түүнээс нь бидэнд юу ч унаагүй гэх. Ёстой л бурхан мэдэх хэрэг буй за. Төр, засгаас цаатан гээд сүйд болдог.
Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, тэр хавийн тайгын нөхдийг онцгойлдогт буруу байхгүй. Гэхдээ тэд тувачуудын дэргэд боломжийн улс л даа. Бүр бизнестэй гээч. Цаагаа унуулж, урцаа үзүүлээд гадныхнаас хэдэн “ногоон” саачихна.
Маниусаас хүртэл 5-10 мянган төгрөг авч байж цаагаа унуулдаг юм. Ангийн арьсны наймаа, жимс, жимсгэнэ ч борлуулж орхино. Улсаас цалин өгдөг болсон гэдэг байх аа.
Мончоогуудад тэгвэл ноорхой гэрээс өөр зүйл бараг алга даа. Товчхондоо, цаатнуудаасхэцүү амьдралтай ястан байна, цаана чинь. “Томчууд” минь тэднийг битгий тойроод яваад байгаач.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ