Туркийн эрх баригчид цэрэг хэрэглэхээр сүрдүүлж байна

Туркийн эрх баригчид Стамбул, Анкара болон тус орны бусад хотод гурав дахь долоо хоногоо үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарахын тулд цэрэг хэрэглэж болохыг анхааруулав.

Цагдаагийн үйл ажиллагаа нь эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг номхотгоход хангалттай биш байж болох юм гэж Туркийн ерөнхий сайдын орлогч Бюлент Арынч мэдэгджээ. Тэр үндэсний телевизээр үг хэлэхдээ, эрх баригчид эсэргүүцлийн арга хэмжээг дарахын тулд “өөрт байгаа бүхий л арга хэрэгсэл”, түүний дотор шаардлага гарвал, зэвсэгт хүчин ашиглах бодолтой байна гэж дурджээ.

Стамбул хотын Гезийн паркийг хамгаалагчдын жагсаалыг тавдугаар сарын 31-нд цагдаа нар тараасны дараа Стамбул, Анкара, Измир болон Туркийн бусад хотод эсэргүүцлийн ажиллагаа эхлэсэн юм.

Экологчид болон сөрөг хүчний идэвхитнүүдийн тэмцэл хөдөлгөөн сүүлдээ ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган болон улс орныг исламчилах бодлогын эсрэг жагсаал болж өргөжин тэлжээ.

Албан ёсны мэдээгээр, Туркт болж буй эсэргүүцлийн арга хэмжээний үеэр дөрвөөс цөөнгүй хүн амь үрэгдэж,5 мянга орчим хүн бэртэж гэмтээд байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ