Дөрвөн Ерөнхийлөгчийн тавилан

Ууган Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

П.Очирбат бол Монгол Улсын ууган Ерөнхийлөгч. Тэр шинэ Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүнийг бүх ард түмнээс сонгох Ерөнхийлөгчийн анхны сонгуулиар 1993 онд сонгогчдын 57,8 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Сонгуулийн кампанит ажлын ерөнхий менежерээр ажилласан М.Энхсайхан нэр дэвшигчийнхээ имижийг хээгүй гүдэсхэн эр хүн гэдэг талаас нь харуулахыг зорьсноо хожим дурсан ярьсан байдаг. Энэ имиж нь П.Очирбатад зохисон ч гэж ванлий.

МАХН-аас нэр дэвшигч Л.Түдэв гуайтай хийсэн телевизийн халз мэтгэлцээнд ардын уран зохиолчийн шаггүй шүүмжлэлийн хариуд ганц ч үг сөрөлгүй өнгөрөөсөн нь сонгогчдыг өөртөө татаж чадсан гэж судлаачид үздэг. Тэр ер нь эгзэгтэй асуултаас эвтэйхэн сугарч чаддаг улстөрч. Тоглоом шоглоомын завсраар нүдээ жийтайлган инээх нь “бажгар арав” хэмээх хочийг нь улам ч тодруулдаг. Ууган Ерөнхийлөгчийн хэлсэн цөөнгүй үг монголчуудын сэтгэлд хадаатай үлджээ. Монгол Улсыг удахгүй “Азийн бар болгоно” гэж ам алдсан ч ард түмэн “баар улс” болгосноор нь хүлээн авдаг. Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн хамт “Баянгол” ресторанд болсон залуусын сүлд модны наадамд морилж, баярын ширээний бялуу таллахдаа “яасан тансаг юм бэ” гэж дуу алдсанаас хойш “тансаглах” гэдэг үг ихэд дэлгэрч билээ.

1942 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрж, эцгээсээ эрт өнчирч, эхийн хормойноос зүүгдэж өссөн гэдэг. Тус сумын наймдугаар багийн 1947 оны тоо бүртгэлд “ Гэндэнжавын Очирбат таван настай, эрэгтэй, халх, малын ажилтай, Цогтын Пунсалмаа 30 настай эмэгтэй, нөхөргүй, монгол бичиг шинэ үсгээр уншиж, бичиж чадахгүй. Сургуульд яваагүй малын ажилтай. Мал нь адуу 1, үхэр 5, сарлаг 5, тугал 4, хонь 23, хурга 10, ямаа 2, ишиг 1” хэмээн бүртгэжээ.

Гэвч ганц морьтой Очирбат хүү хол явсаан. Хуучин ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсч, Аж үйлдвэрийн яаманд ажилд орж, удалгүй Шарын голын нүүрсний уурхайд ерөнхий инженерээр томилогдсон. Залуу инженер дайчин ч байж. Уурхай даяар ажлаараа сүүл мушгисан бригад хамт олонд ажил сайжруулах ташуур аялуулж, хожим Очирбат инженерийн ташуур гэж олон хүний зүрхэнд орсон байдаг. Ташууртай инженер Монголын уул уурхайн салбарт цөөнгүй газрыг удирдсан.

БНМАУ капитализмыг алгассан цагаан мориныхоо амыг эргүүлж, ардчилсан Монгол Улсын замд ороход П.Очирбат АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байлаа. Шинэ Үндсэн хуулийг батлалцаж, түүн дээр гараа тавин анхны Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Улс орны сан хөмрөг дулимаг, түшиж тулж явсан ЗХУ задарсан үед геологичийн ухаанаар “Алт” хөтөлбөр дэвшүүлж, Дорнодын Тамсагаас газрын тос олгойдоход цагаан тэрлэгнийхээ энгэрийг газрын тостой гарынхаа алгаар тамгалж явсан юм. Одоо П.Очирбат Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, “Энержи Ресурс” ХК-ийн зөвлөхөөр ажилладаг.

Удаах Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

Одоо титэм үгээ хэлхэж, “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байна. Манай төр, засгийн өндөрлөгт байсан хүмүүс уул уурхайн томоохон компани бараадсан тавиланг Н.Багабанди ч тойрсонгүй.

1950 онд Завхан аймгийн Яруу суманд малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болон төржээ. Улиастайн 10 жилийн дунд сургуулийг дүүргээд хуучин ЗХУ-д Ленинградын Хөргөлтийн дунд сургууль, улмаар Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль төгссөн. Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчнаар ажлын гараагаа эхэлж, механикч инженер болсон ч удалгүй намын ажилд шилжсэн. Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгчээс МАХН-ын дарга хүртэл дэвшжээ.

Н.Багабанди хурц тод үг яриатай, сайн лектор байсан нь тухайн үед хот хөдөөд дуулддаг байсан. Наяад оны сүүлчээр өөрчлөн байгуулалтын уур амьсгал нэвт шингэсэн олон лекцийг нь хүмүүс шимтэн сонсож байлаа. Анхны ардчилсан сонгуулиар 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 1996 онд дахин сонгогдож, “Ардчилсан холбоо” эвслийн үнэмлэхүй олонхийн дэргэд цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байв.

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, МУНН-ын нэр дэвшигч Ж.Гомбожав нартай өрсөлдөн сонгогчдын 60,8 хувийн саналаар Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Дараа нь 2001 онд дахин нэр дэвшиж, Р.Гончигдож /АН/, Л.Дашням /ИЗН/ хоёрыг 58,1 хувийн саналаар ялж, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон. Манай улсын дөрвөн төрийн тэргүүнээс сонгогчдын хамгийн их санал авсан хүн бол Н.Багабанди байдаг. Хутагтуудын нутгаас шинэ цагийн төрийн тэргүүнүүд төрөх албатай юм шиг П.Очирбат, Н.Багабанди хоёр ийнхүү дараалан Монгол Улсын Ерөнхийлөгч болсон билээ.

Н.Багабандийг түүхэнд хийгүй Ерөнхийлөгч гэж үнэлэх нь бий. Бүрэн эрхийн хоёр дахь хугацаандаа парламентын намуудын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж, ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүрхий түнжин тасарсан гэдэг. 1998 онд УИХ дахь намууд Үндсэн хуульд гар хүрч, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт оруулахад Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. 2005 онд парламентийн индрээс “урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэсэн нь тухайн үеийн спикер Н.Энхбаярт хаягласан үг гэж үздэг. Н.Энхбаяр 2005 онд “Одоогийн Ерөнхийлөгч Н.Багабанди та хоёрыг таарамж муутай гэлцэх юм. Та түүнийг төрийн тэргүүний үүргээ хэр гүйцэтгэсэн гэж үздэг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ерөнхийлөгч Н.Багабанди бол төрийн тэргүүний иниституцийн нэр хүндийг өргөж чадсан хүн гэж би боддог. Н.Багабанди гуай МАХН-аас хоёр ч удаа нэр дэвшиж сонгогдсон. Би сонгуулийн кампанит ажлыг нь МАХН-ын сонгуулийн Төв штабын даргын хувьд удирдан ажиллаж байсан. Түүнийг МАХН-д өртэй хүн гэж намын гишүүд маань ярьдаг. Миний хувьд түүнд хувь хүний зүгээс янз янзаар хандаад байх зүйл байхгүй” гэж хариулсан байдаг.

Ер нь МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч дараагийн удаад намаасаа нүүр буруулдаг нь төрийн тэргүүний зарчим юм болов уу. П.Очирбат МАХН-ын нэрээр АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын суудалд заларч, дараа нь МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Н.Энхбаяр ч Ерөнхийлөгч болоод сүүлдээ намынхаа удирдлагатай таарамж муутай болсон нь нууц биш.

Гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөрлөгт ердөө хагас арваны дотор саадгүй хүрсэн эрхэм. Шарын шашинд чин сүсэгтэй хүн учраас цагаан хэл амнаас гэтэлгэх “Цагаан шүхэрт” номыг ихэд уншуулдаг байсан болов уу гэж санагддаг.

Горькийн Утга зохиолын дээд сургууль төгссөн орчуулагч залуу ерээд оны эхээр үзэл бодол нь төдийлөн төлөвшөөгүй, АНУ-д гардаг юм билүү гээд манай нэг нэрт орчуулагчаас асууж явсан гэдэг. Гэвч хувь заяаны эргүүлэг түүнийг П.Жасрай агсны Засгийн газарт Соёлын сайдын ажилд томилж, Ерөнхийлөгч П.Очирбатын санаачлагаар Мэгзэд Жанрайсиг бурханыг сэргээн залах их үйлсэд монгол түмэн уухайлан боссоноор өөрийгөө таниулах буяны зам мөрийг нээсэн. Дараа нь их улс төрд хөл тавьж, эзэнгүйдсэн МАХН-д залуусын эгнээг түүчээлэн орж иржээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан миний бие намын даргын хувьд янз бүрийн шатны 11 сонгуулийг удирдаж, заримд нь өөрөө оролцож, аравт нь ялалт байгуулж, харин 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН хамгийн олон суудалтай нам болсон гэж нэгэнтээ дурссан байдаг. Тэр 1992 онд парламентад анх орж ирсэн ч 1997 онд Н.Багабандийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Завханы нөхөн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн төдийгүй МАХН-ын бүлгийн ахлагч болсон. Энэ хугацаанд хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлж, “Ардчилсан холбоо” эвслийн гурван Засгийн газрын шилийг харжээ. 2000 оны УИХ-ын сонгуулиар түүний удирдсан МАХН бүрэн ялалт байгуулж, тэр Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Хэдий Ерөнхий сайд боловч намын даргын хувьд УИХ-ыг атгаж байв. Хэмжээлшгүй эрх мэдэл гарт нь төвлөрч, тун амархан тойрон хүрээлэгчидтэй болж, үндэсний удирдагч гэсэн албан бус цол гуншин ч дагалдах болсон. Тэр үеэс сайдын сэнтий хагас тэрбумаар үнэлэгдэх болж, авлигын мод нахиалж, ардчилсан социалист залуучуудын эвэр маш хурдан ургаж эхэлсэн. Н.Энхбаярын дор ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутнуудын асар том фронт бий болов. Гэсэн ч дээд ерөнхий командлагчийнхүсэл зорилго Ерөнхийлөгчийн суудал байсан юм.

Гэхдээ тэр Н.Багабандийг бодвол хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн. Мянгуужингийн үлгэр гэж хэлүүлсэн Мянганы замын бүтээн байгуулалт бодит биеллээ олсон, ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн гэх мэтчилэн тоочиж болно. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-д Н.Энхбаяраас өөр нэр дэвших лидер байсангүй. Тэр “Эх орон ардчилал” эвслээс нэр дэвшсэн М.Энхсайхантай зуузай нийлэн гараанаас гарсан ч барианд сонгогчдын 53,4 хувийн саналаар өнгөлж, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Харин өмнөх Ерөнхийлөгч шигээ улиран сонгогдож чадаагүй. Нам нь нэр дэвшүүлсэн боловч намын удирдлага С.Баяр, У.Хүрэлсүх нар нүүр буруулсан хэмээн сонгуулийн дараа тэр гомдол тоочсон. Хэрвээ Н.Энхбаярт хоёр дахь бүрэн эрхийн хугацааг нэмж олгосон бол багагүй юм хийх байсан болов уу. Яагаад гэвэл түүний толгойд улс орны дотооддоо хийх ажил төдийгүй олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөх нэлээд боломж багтаж байсан гэдэгт эргэлзэх юун. Аль ч Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа сонгогдвол илүү ихийг хийж бүтээх дадлага туршлага, мэдлэг чадвар хуримтлуулсан байдаг.

Н.Энхбаяр тойрон хүрээлэгчид нь урваж шарвах цагт өнгөрснөө сатааралгүй эргэцүүлж, ихэд гэмшсэн хэмээн доктор Ж.Нэргүй саяхан хэлжээ. Үнэхээр ч тэр яваандаа арван жилийн өмнөхөөсөө танигдахгүй болсон. 1998 онд “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагдаа МАХН нэрээ өөрчлөх үү гэсэн асуултад, манай нам нэрээ өөрчлөх шаардлага үндэслэл байгаа юм. Одоо шинэчлэгдэж байна гэж цаг алдан олон дахин тайлбарлах, бусад намтай эн тэнцүү харилцаанд төвөггүй орох саадыг арилгахын тулд нам нэрээ өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурь байдаг. Миний хувьд энэ асуудлыг даруй шийдэх нь зөв гэж үздэг гэжээ. Мөн Ленийний музейн барилгыг Дүрслэх урлагийн музейд өгчихье гэж бодогдохгүй байна уу гэхэд, энэ талаар нэг бус удаа ярьсан л даа. Өгөх нь зүйтэй гэж боддог гэсэн байх юм.

Тэр холын дайснаас ойрын нөхөд илүү аюултай гэдгийг яс махаараа мэдэрсэн хүн. Улс төрийн хонжоо хайгсад Н.Энхбаярын дайсан бол Ц.Элбэгдорж гэж итгүүлэхийг оролддог ч АН, АН-ын лидер бол түүний мөнхийн өрсөлдөгч гэдэг нь хэзээ ч ойлгомжтой. Нацист Германы үед Бухенвальдын бөөнөөр хорих лагерийн хаалган дээр “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн латин үг байсан юм гэнэлээ. Үүнийг буддизмд үйлийн үр гэж тайлбарласан байдаг. Эр хүн туг ч өргөнө, тугал ч хариулна.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдож

Ц.Элбэгдорж 90 оны өвөл их жанжны талбайд цугларсан олны өмнө шударга ёс тогтоохын төлөө тууштай тэмцэнэ хэмээн хэлж байсан. Одоо ч тэр үгээ хэлж байна. Энэ хүн олон удаа унаж босч үзсэн. 1993 онд шударга ёс дутаж бүгчимдсэн УИХ-ын танхимыг орхиж, Ерөнхий сайдын суудлаас хоёр удаа мултлуулж, сүүлчийн удаа Төрийн ордноос гарахдаа “Олуулаа эргэж ирнэ” гэж хэлсэн. Үнэхээр ч 2008 онд парламентийн танхимд түүний удирдсан АН олуулаа орж ирсэн. Тэр худал хэлсэнгүй. 2005 онд Ерөнхий сайд байхдаа авлигатай хатуу тэмцэнэ гээд аман дээрээ алгадуулж байсан бол одоо авлигалын хоншоор дундуур бас ч татаад авчээ.

Авлига Монголыг муухай харагдуулаад байгаа бол авлигачид Ц.Элбэгдоржийг буруу харагдуулахыг хүсч байна. Авлига эрх баригчдын дунд их байдаг. Төр, засгийн эрхийг МАН он удаан жил барьсан болохоор авлигатай хийх тэмцлийн үзүүр тийшээ чиглэсэн нь МАН-ынхныг л барьж шалгаад байгаа юм шиг улстөржүүлж байна. Уг нь төр ажлаа хийж байгаа. Австрийн философич Ханс Хельсен “Нийгэмд ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй” гэсэн нь Монголын нийгэмд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн гаарсны далд илэрхийлэл.

Шударга ёсоор цангасан ард түмэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид итгэл өгч, Монгол Улсын дөрөв дэх төрийн тэргүүнээр сонгосон юм. Түүний өнгөнд Монгол Улс авлигын индексээр дэлхийд 26 байр урагшилжээ. Шууд ардчилал гэсэн үгийг иргэд шууд ойлгоогүй ч өрөөгөө суллаж, “Иргэний танхим” болгоход нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлж эхэлснээр сая учрыг таньсан. Шүүхийн шинэчлэл, байгаль орчны багц хуулиуд дарга нараас өмнө хүний эрх байсан юм гэдгийг харуулав. Дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг дуурсгасан тамирчдын маань хөлс мөнгө болсон. Мөн олон хүүхэдтэй эхчүүдээ, оюутнуудаа дэмжиж, авлигатай тэмцэж, архидалтаас холдож, ашигт малтмалын лицензийг зогсоосон дөрвөн жил байлаа. Энэ мэтчилэн олныг тоочиж болох авч товчхондоо ам, ажлын нэгдэл гэж үүнийг хэлдэг. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш хэмээн бид ярьдаг ч “Элбэгдорж ярилаа” л гэдэг.

Дэлхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг сонсдог болсон. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэж зарлан тунхагласныг НҮБ-ын байнгын таван гишүүн орон хүлээн зөвшөөрч, ЕАБХАБ бүрэн эрхт гишүүнээрээ элсүүлэв. Цаазын ялаас түдгэлзэж, Монголын газар шороонд цөмийн хаягдал булшлахын эсрэг баттай зогсохоо мэдэгдсэн. Гийчид гэрийн эзний нэрээр ирж, эзэгтэйн өнгөөр үдүүлдэг монгол заншил даяаршсан ертөнцөд ч үнэ хүндтэй хэвээр байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатарт амжилттай чууллаа. Ц.Элбэгдоржийн гадаад ертөнц дэх нэр хүнд төөрсөн Тиранннозавр Батаарыг хүртэл төрөлх нутагтаа эргэж ирэхэд нь газарчилж, дэлхий бас нэг шуугив.

Өндөр ууланд хөлд орсон жирийн малчны хүү Ц.Элбэгдорж өнчин өрөөсөн муусайн хүүхдүүдийг өсгөж өндийлгөж яваа нь хүний л тавилан юм даа. Тэдний хөвгүүд удахгүй эх орны цэрэг эрс болно. Тэгээд Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Тэвэрч даахгүй том Монголыгоо сэтгэлдээ бүтнээр нь тээж яваа энэ хүн гурван сая монголчуудын өндөр аав. Долдугаар сарын нэгэнд бид гурван саяулаа болно.

Ж.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ