Их Британид дахин террорын ажиллагаа үйлдэнэ гэлээ

Их Британид террорын аюулын түвшинг ноцтой түвшингээс нэн аюултай түвшинд шилжүүлсэн нь террорын ажиллагаа үйлдэх нь гарцаагүй гэсэн үг юм гэж тус орны ерөнхий сайд Тереза Мэй мягмар гарагт мэдэгджээ. Түүний ингэж хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.
“Манчестерт террорын ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулан Их Британид террорын аюулын түвшинг ноцтойгоос маш аюултай түвшинд шилжүүлэхээр шийдвэрлэлээ... Энэ нь террорын ажиллагаа үйлдэж магадгүйгээр барахгүй, гарцаагүй гэсэн хэрэг юм” гэж Мэй засгийн газрын онц байдлын хорооны хуралдааны дараа хэлжээ.
Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, Манчестерт болсон террорын ажиллагаанд бүлэг этгээд холбогдолтой байж болох тухай хувилбар нь ийм шийдвэр гаргах нэг шалтгаан болсон байна. Дэлбэрэлтийг ганцхан террорист үйлдсэн гэдэгт тус хорооныхон эргэлзжээ.
Мэй Их Британийн хотуудын гудамжинд цагдаа нарыг цэргийн албан хаагчдаар солихоор шийдвэрлэсэн тухай бас ярьсан байна.Цэргийнхэн цагдаагийн эргүүлд туслах бөгөөд харин зарим газарт зохиогдох арга хэмжээ болон хүмүүс олноороо цуглардаг газрын аюулгүй байдлыг хангахад цагдаа нарыг бүрэн орлох ажээ. РИА Новости агентлаг британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснийг иш татахдаа, энэ нь олон мянган цэргийн албан хаагчдыг дайчлахыг хэлж байж болох юм гэж тэмдэглэсэн байна.
Урьдчилсан мэдээгээр, тавдугаар сарын 22-нд Манчестерт халдлага үйлдсэн 22 настай террористыг Салман Абеди гэдэг байжээ. Түрүүнд нь тэр британийн тусгай албадын хараанд өртөж байсан байна. Аль болох олон хүний амь насыг бүрэлгэхээр тодорхой газар, цаг хугацааг зориудаар сонгосон нэг этгээд дэлбэрэлтийг үйлдсэн байна гэж Мэй түрүүнд нь мэдэгдсэн юм.Энэ террорын ажиллагааны улмаас 22 хүн амь үрэгдэж, 59 хүн шархаджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ