Жирэмслэлтийг зохицуулахад нөхрийн оролцоо чухал

Энэ сэдвээр манайд огт ярьдаггүй. Бараг хориотой мэт. Эхнэр нь ерөндөг тавиулах гэхээр эсэргүүцдэг эрчүүдтэй оронд хэцүү. Гэвч эмч, сэтгүүлч, бас эр хүний хувьд зориглон дуугарахаар шийдэв. Тэгэхгүй байх арга алга.
Хувьсгалын жилүүдэд Монголын хүн ам 500 мянга гарахтай, үгүйтэй байсан нь үнэн. Төрөлт нэн ховордсон үе гэхэд болно. Эх, нярайн эндэгдэл өндөр гээд юм, юм л байжээ. Шалтгаан олон ч гол нь нийгэмд тархсан бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү байв. Дагавар шалтгаан нь эрчүүдийн тодорхой хувь лам, хувраг болсон явдал гэх.
Хувьсгал ялангуут Монголын төрөөс авч хэрэгжүүлсэн хамгийн чухал бодлого нь хүн амаа өсгөх байсан гэхэд хилсдэхгүй. Тэгэхийн тулд дээрх өвчнийг намнах, ламыг хар болгох, төрөлтийг дэмжих бодлого нэн тэргүүнд тавигджээ.
Уриа нь, Их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтугай” гэсэн шүлгийн мөр байлаа. Тэр бүхнийг амжилттай хэрэгжүүлснээр шинэхэн талд тарьсан тариа мэт манай хүн ам өсчээ. Төрөлт хэт ихсэж, чанаргүйжсэнээс төдөлгүй аюул тулгарах болжээ. Эх, хүүхдийн эндэгдэл буцаж өсөөд дал, наяад онд оргилдоо хүрчээ.
Бид ДЭМБ-д мэдээгээ худал хэлдэг тул тусламж, дэмжлэг ч байсангүй. Хэт төрөлтийг шууд хорьчих боломжгүйгээс эрсдэлтэй эхчүүдэд эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр ерөндөг тавих зэрэг үр дүн багатай арга зонхилж байлаа.
Ардчиллын буянаар ерээд оноос үүнийг арай өөрөөр харах боломж гарсан билээ. Гэр бүл төлөвлөлт гэдэг бодлого хүссэн ч, эс хүссэн ч тавигдав. Ард түмний амьдрал гэнэт доройтсон нь харин ашигтайгаар нөлөөлсөн юм шүү. “Чанар” гэдэг үзүүлэлт хэрэгжих боломж гарлаа. Жирэмсэн эмэгтэй өдрийн одноос ч цөөрөх шахав.
Шийр заасан, боломжтой, залуу гэр бүл ганц, нэгээр хүн амыг нэмж байсан гэхэд болно. Ингээд амьдрал дээшлэхийн хэрээр төрөлт нэмэгдэж, хүн ам өсөн, гурван саяын босгонд тулж ирэв. Энэ бол ямарч хувьсгалаас дутахгүй ололт юм.
Гэр бүл төлөвлөлт гэдэг юм одоо л жинхэнэ утгаараа сөхөгдөх болов. Хэдэн хүүхэдтэй болохоо шийднэ гэсэн үг л дээ. Харамсалтай нь түүнийг муйхраар шийдэх гээд байна. Өөрөөр хэлбэл, жирэмслэх эсэхийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гээд гаргуунд нь хаячихаж. Тийм биш. Гэр бүлийн хоёр эн тэнцүү оролцож, шийдвэр гаргах ёстой юм.
Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд энэ талаар дурсдаггүй болохоор эрчүүд ч өөртөө падгүй мэт санах болж. Эр нь хийж, эм нь төрүүлдэг амьтанлаг ахуйгаар яваад ирчихэж. Зүй нь, жирэмслэлтийг хэрхэн зохицуулахыг хоёулаа ярилцах учиртай. Ядаж л ямар үед эмэгтэй хүн жирэмслэхгүй байх физиологийн нөхцлийг мэддэг байх.
Хуанлийг ханьтайгаа хамт хөтлөх, богино хугацаанд хамгаалах эмийг хэрэглэж дадах. Бэлгэвчийг зөв хэрэглээд сурчих. Сарын турш хамгаалдаг гормоны гаралтай тариаг бусад аргатай хослуулах. Гадуур нь тавьж чаддаг болох.
Үрийн сувгаа түр боолгосон ч болдгийг ойлгох. Энгийн хүн ингэж сурахад бэрхшээл бий. Тэгэхээр ядаж л залууст зориулсан сургалт хааяа боловч хийх. Зөвлөгөө өгдөг газар, утас нээх. Кино, ном, зохиолоор хүргэх гээд зөндөө л арга байна санж. Хэрхэхийг төр мэдтүгээ. Жирэмслэлтийг зохицуулахад нөхрийн оролцоо чухал даа.
Эмч-сэтгүүлч Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ