Дэглэлт нь Наранбаатар, дэг нь Хүрэлсүхтэй наадам айсуй

Тэнүүн хангай хур хүсэн санааширч, газар дэлхий чийгээр ангасан хаврын шар өдрүүд өнгөрсөн ч зуны эхэн сар мөн л гангийн халуун нартай үргэлжилсээр. Тэнгэр хангайн ган гачигаас гадна улстөрийн бужигнаан, удахгүй болох сонгуулийн дөжрөөнт чимээ талын Монголд зуны эхэн сарын нүргээн болон үргэлжилж байна.

Удахгүй болох сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Улстөрийн сонгуулиас илүүтэй ирж буй наадмын чимээ анирлаж, хүлэг морьд уяан дээрээ эрэгцэнэ. Хот хөдөөний гэхгүй иргэд тэнгэрт малгайн чинээ үүл гарахад хур ороосой хэмээн хүсч, шаргал талаа номин өнгөөр гийхийг хүлээнэ.

Шадар сайд У.Хүрэлсүхээр удирдуулж, залуу найруулагч Н.Наранбаатараар дэглүүлсэн Монгол төрийн наадам бусад жилүүдийн наадмаас ямархан онцлогтой болох бол. Шинэхэн төрийн тэргүүнээр хэн тодорч, наадмын дэвжээнд дэвэн дэвсээр хүч бяраа үзэх бөхчүүдээс хэн гэгч азтай аавын хүү түрүүлэх бол. Сонгуулийн чимээ энэ бүхний торгон ирэнд мартагдах өдрүүд улам улмаар дөтөлсөөр...

Нэгэнтээ баяр наадмын комисс хуралдахад Шадар сайд У.Хүрэлсүх “Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удааболдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Төсөвтөө тааруулж, чанартай сайн зохион байгуулах зорилгоор бэлтгэл ажлаа сайтар базаа. Шаардлагатай газруудадзохион байгуулах комисс ажиллаж, бодит байдалтай танилц” хэмээн үүрэгдэж байв. Баяр наадмын үеэр жуулчидын хамгийн их очих дуртай болсон газрын нэг бол үндэсний сур харвааны талбай. Тиймээс энэ жил сурын харвааны талбайд гурван эгнээ суудал бүхий жуулчдын асар барихад 55 сая төгрөг төсөвлөж, зураг төслөө боловсруулжээ.

Удахгүй дэнж дүүртэл суу чимээ нь түгэх наадмын зардалд дөрвөн тэрбум 376.5 сая төгрөгийн санал ирүүлсэн ч наадмын нийт төсвийг хоёр тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцсон. Наадам сайхан болох ёстой ч хамгийн сайхан их мөнгөөр бус хамгийн зөв зохион байгуулалтай, найруулгатай наадам л иргэдийн сэтгэлд үлддэг. Залуухан найруулагч, чангахан удирдагч хоёр үүнийг тооцсон нь лавтай. Энэхүү баяр наадмын зардлаасурлаг соёлын арга хэмжээнд 1.039.560 төгрөг, төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэшцэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөртөсөвлөсөн байна.

Тэнгэр мэт өвгөдийн уухайг түмэнд түгээж, дэлхий даяанаа тунхаглан зарлах наадмын нээлтийг найруулж буй найруулагч Н.Наранбаатар гэж хэн бэ.

Тэрээр жүжигчин Эрдэнэбилэг, Амгаланбаатар, Болд-Эрдэнэ нарын хамт “Драмын дөрөв” нэрээр олны танил болж байв. Түүнээс гадна “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон зэрэг дүрүүдийг бүтээж байлаа. Мөн дэлхийн алдарт сонгодгууд болох "Гамлет", "Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, "Парисын дарь эхийн сүм" зэрэг жүжгүүдийг найруулсны учир 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч Төрийн соёрхолт цол хүртээсэн юм. Ерөнхий найруулагчийн албаа хашихын сацуу СУИС-д багшилж, UBS телевизийн “To be or not to be” шоуны шүүгчээр ажилладаг түүний найруулсан наадмын нээлт болон хаалтын ажиллагаа монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татна хэмээн итгэж байна.

Түүнээс гадна энэхүү тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наамдын комиссын даргаар ажиллаж буй Шадар сайд У.Хүрэлсүхийг хэн бэ гэдгийг иргэд таних нэгэн шалгуур ч энэхүү наадмын нэгэн сонирхол татах сэдэв болоод байна.

Залуу, зоримог эрсийн хоршил болон дэглэгдэх маргаашийн наадмын өнгө будаг хэрхэн зурагдахыг харахсан гэхээс өдөр хоног үл өнгөрнө. Наадмаар ган тайлагдаж, дэлхий дэлэгнэдэг үе ч бий. Хүмүүний сэтгэлийн төдийгүй, төрд бугласан үл ойлголцлын ган ч үндэсний их баяр наадмаар тайлагдан дэлхий даяханаараа монгол түмэн нааддаг билээ.

Д.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ