Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдэд 7.9 жилийн ял оноов


Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг гарч байв. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан байдаг. Шүүгдэгч Б нь хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан бөгөөд тэрээр шүүх хурлын үеэр "Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2017-06-14-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэжээ.
Шүүхээс Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус бүр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ