Их, дээд сургуулиудын удирдлагуудад энэ жил сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэл өглөө


Өнгөрсөн долоо хоногт БСШУС-ны сайдаар Г.Чулуунбаатарыг томилсон билээ. Албан ажлаа авсан даруйдаа салбарын ажилдаа ханцуй шамлан орсон шинэ сайд өнөөдөр их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал, Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал, солилцож, сургалтын төлбөрийн асуудлыг хамтдаа хэлэлцэх удирдлагуудтай уулзалтыг зохион байгуулав. Энэ салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа хэдий ч салбарын яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр илүү их анхаарч, салбарын нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна.
2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөг байна. Улсын Их хурал, Засгийн газраас нийгэм эдийн засгийн нөхцлийг сайжруулах талаар бодлогын суурь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улс эх орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжрах хандлага бий болж эхэлж байгаа хэдий ч өрх гэр бүл, иргэдийн түвшинд хараахан шууд мэдрэгдэх нөхцөл бүрдээгүй байна. Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж болзошгүй байна.
БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийн талаарх урьдчилсан судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна.
Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;
Гурав. Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;
Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.
Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах; Сайд Г.Чулуунбаатар “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ.
Цаашид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас оюутан суралцагчийг сургалтын төлбөрийн дарамтгүй, амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нийгмийн үйлчилгээний бодит нөхцөлийг бүрдүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар нийгмийн хүлээлт, асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангах, энэ талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбоотой сайдын шинэ бодлогыг боловсруулж байна. Мөн салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгана” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ