Улсын онцгой комисс хурал зарлалаа

Улсын онцгой комисс хурал зарлалаа

Өнөөдөр 10:00 цагаас ойн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комисс хуралдаан зарлажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өчигдрийн /2017.07.15/ байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна.

Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байна.

Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.

Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч, нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.

Түймэр унтраах ажлыг Шадар сайд У.Хүрэлсүх ахлан зохион байгуулж байгаа ба өчигдөр Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт, Шадар сайд Төв аймгийн Батсүмбэр суманд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Төв аймгийн түймрийн голомтод ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ