Хөрсний бохирдлыг хоёр тэрбум юаниар шийдэхүй


Хэдийнэ сая гаруй хүн амтай болсон их хотын маань тулгамдсан асуудлын нэг нь утаа гэдгийг хэн хүнгүй мэддэг. Гэвч нүдэнд утаа шиг манантаж харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл бол нүхэн жорлон. Та бидний хашаандаа ухсан жорлон, муу усны нүх бүр амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна. Нийслэлийн 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна.
Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй.
Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх
Саяхан манай улсад БНХАУ-ын засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь суугдаагүйн улмаас зогсоод байсан бол ийнхүү гацаанаас гарлаа. Ингэснээр барилгын ажил нь эрчимтэй явж байгаа ч дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь 32 мянга 546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орох аж. Мөн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10 мянга 336 айл, өрхөд зориулж тус бүр 200-250 айл, өрх харьяалагдах “Бичил дэд төв”-үүдийг байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох юм.
Мэргэжилтний хэлж буйгаар дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэх юм. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн, бие даасан болон холимог шийдлээр хангана. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байгаа аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэчихвэл энэ асуудал шийдэгдэх бололтой.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ