Замын-Үүдээр хуурамч дүрэмт хувцас орж иржээ


Наймдугаар сарын эхээр “Төмөр трейд” компанийн нууцлалтай хуурамч дүрэмт хувцсыг Замын-Үүдийн хилийн боомтоор Хархорин захын түрээслэгч иргэн УАЗ-469 маркийн автомашинаар оруулж ирэхэд нь Хилийн Мэргэжлийн Хяналтын албаны байцаагч илрүүлсэн байна.
Сурагчдын дүрэмт хувцас урд хөршөөс оруулж ирж байгаа нь асуудал дагуулж мэдэхээр байна. Учир нь урд хөршид үйлдвэрлэсэн хуурамч дүрэмт хувцасууд юугаар, хэрхэн хийсэн нь тодорхойгүй байдаг аж. Зарим компани болон хувь хүмүүс урд хөршөөс дууриамал сурагчийн дүрэмт хувцас оруулж ирэн хямд үнээр борлуулдаг байна.
Импортоор оруулж ирдэг дүрэмт хувцас нь харагдах талаасаа дотоодынхоос ялгахааргүй ч ч материалын хувьд 100 хувийн полиэстер /нийлэг/ учраас чийг даах, агаар салхи бага нэвтрүүлдэг байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Угтаа бол сурагчийн дүрэмт хувцасны материал стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой.
Энэ дагуу уг хувцсыг үйлдвэрлэхээр тендерт шалгарсан үндэсний үйлдвэрлэгч болох “Өүлэн Мэнч”, “Шилмэл загвар”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, “Төмөр трейд” “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани дотоодынзах зээлд нийлүүлж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тэд стандартад нийцсэн, эрүүл мэндийн шаардлага хангасан цэвэр хонины ноосон хөвөн даавуун материалаар сурагчийн дүрэмт хувцас урлан, албан ёсны цэгүүдээрээ худалдаалдаг байна.
Бид сурагчийн хуурамч дүрэмт хувцас орж ирсэн талаар “Төмөр трейд” компанийн захирал М.Жаргалмаагаас тодрууллаа.
М.ЖАРГАЛМАА: БСШУСЯ ОЮУНЫХАА ӨМЧИЙГ ХАМГААЛАХГҮЙ БАЙГААД МАШ ИХ ГАЙХАЖ БАЙНА

-Харахад өнгөний хувьд бараг ялгарах юм алга. Хуурамч, жинхэнэ үгүйг нь яаж ялгах вэ. Гааль дээр хураагдсан хуурамч сурагчийн дүрэмт хувцас танай компанийн нууцлалтай адилхан байсан гэсэн?
-“Төмөр трейд” компанийн товчлол “Tт” г гэсэн үсгийг товчин дээрээ сийлсэн юм. Гэтэл яг ингээд дуурайгаад хийчихсэн байгаа юм. Бид сүүлдээ хаширлаад хүрмэндээ “Төмөр трейд” гэсэн бичээстэй өлгүүр хадаж өгсөн. Олон улсын стандарт хэмжээ размер, /биеийн өндөр, цээжний тойрог/ шошго хадаастай байх ёстой. Хуурамч хувцсан дээр “89” гэсэн тоо хадаж өгсөн байна. Гэтэл ийм хэмжигдэхүүн хаана ч байдаггүй. Жинхэнэ дүрэмт хувцсыг имэрч үзэхэд материал нь хоорондоо зууралдана, хуурамч нь чихарч дуугарна. Цаас үрж байгаа юм шиг сонсогдож байгаа биз.
-БСШУС-ын сайд, эрх бүхий албан тушаалтнууд хуурамч дүрэмт хувцас БНХАУ-аас орж ирдгийг мэддэг биз дээ?
-2014-2017 онуудад ярьсаар байхад БСШУСЯ оюуныхаа өмчийг хамгаалахгүй байгаад маш их гайхаж байна. Би жирийн нэг оёдолчин хүн бүхэл бүтэн төрийн яам байжямар ч арга хэмжээ авахгүй. Үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжихээсээ илүү дарга нарынхаа нэр хүндийг нэгдүгээрт тавьдаг. БСШУСЯ-ны нэр гарах гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Өөрсдөө хутгалдчихсан. Одоо бүр болохоо байсан. Бүх аймаг өөрсдөө сурагчийнхаа дүрэмт хувцсыг оёно гэсэн. Өвөрхангайн засаг дарга н.Ганболд шүүрч аваад л өөрийнхөө бизнес болгож байх жишээтэй. Тэгэхээр нь би “Болохгүй миний дүү, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг загварын сурагчийн дүрэмт хувцастай байх тухай Боловсролын тухай хуульд зааж өгсөн. Энийг хэн ч өөрчлөх эрхгүй” гэтэл “Чамд ямар хамаатай юм бэ” гэж байна лээ.
-Жил бүрийн намар энэ асуудал давтагддаг юм байна. Импортоор хуурамч дүрэмт хувцас орж ирснээр танай байгууллагад хэдий хэр хэмжээний хохирол учраад байна вэ?
-Хил, гаалиар хуурамч сурагчийн дүрэмт хувцас орж ирснээр 800 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үлддэг.
-Гаалийн байцаагч нарт та бүхэн хүсэлт тавьдаг биз дээ?
-Хилээр яаж орж ирдгийг нь тэнд ажиллаж байаа хүмүүс бүгд мэднэ. Гаалийнхан хөдөлдөггүй шүү дээ. М.Жаргалмаа гэж нэг хүн яриад, яриад л байдаг.






М.ЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ