10 мянган сурагч гурван ээлжээр хичээллэнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэх аж.
Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль 10 дугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын нэгний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс өмнө дуусгахаар төлөвлөж байгаа гэв.
Мөн ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орох аж.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ