У.Хүрэлсүх: М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон наад ажлаа өг

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэн явагдаж байна. Тус ордон руу хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргаад байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хуралдаан эхнээсээ нэлээд ширүүн уур амьсгалтай эхэлж, гишүүд нь тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Тагнах, чагнах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Одоо наадахаа больчихож болдоггүй юм уу. УИХ-ын бүх гишүүдийг тагнаж чагнадаг чинь худлаа юм уу. Сүүлдээ бүр мөрдөж, мөшгидөг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон байна. Ичих нүүргүй болжээ, та нар. Би тагнаад байна, чагнаад байна гэж та нарт бүтэн жил ярьж байна. Одоо л У.Хүрэлсүхээр илэрч байгаа болохоос биш" хэмээжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Та нар ойлго л доо. Би дагаж, мөрдүүлээгүй ш тээ. Шадар ч өөрөө надад хэлсэн. "Эрдэнэбат аа, чамайг гэж итгэхгүй байна л даа. Чамайг дагаж далдаганадаг Н.Номтойбаяр мэтийн юмнууд чинь хийж байхгүй юу гэж хүртэл хэлсэн" гэжээ.

Харин Шадар сайд У.Хүрэлсүх "Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Намайг бүр авгай хүүхэдтэйгээ Солонгост явахад хүртэл очиж тагнасан. Бүр хөл гарыг минь таслаад, сүүлдээ намайг бас намын шударга гишүүдийг "Халиарууд" гэж нэрлэсэн байх аа.

Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай.

Тэр Ерөнхийлөгчтэй холбогдсон гэх утасны яриаг үнэнээр нь хэлье. Би тэгж ярьсан нь үнэн. Энэ яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон. Тэр эрлийз адууны шийдвэрээр намайг намын эсрэг ажилласан гэх гэж байна уу? Тэгвэл тэр эрлийз адууны санааг чинь хэн гуйгаад байлаа. М.Энхболдын хүү Э.Анар хэлээд өгөөч гэж санаа явуулаа биз дээ. Тийм байх аа, Д.Амарбаясгалаан гэхэд Д.Амарбаясгалан "Тийм ээ. Э.Анар санаачилсан" гэсэн байна.

Дараа нь би Ерөнхийлөгчтэй уулзсан. Үнэн. Монгол Улсын ерөнхийлөгч дуудаж байхад "Үгүй" гээд байх уу. Би Ерөнхийлөгчтэй хамт түймэр унтраалцсан. Сонгуулиас өмнө би Х.Баттулгатай уулзаж байгаа ч үгүй" хэмээжээ.

Тэрээр намынхандаа ийм байдлаар байр сууриа илэрхийлсний дараа шууд хуралдааныг орхин гарсан аж. Хуралдаанаас гарахынхаа өмнө тэрээр "Намаа шинэчлэх ёстой, 60 тэрбумаас салах ёстой. Авлига хээл хахуулийг зогсооё. Сайд нарын концессыг болиулъя. "Цагаан суварга" гэх мэт уул уурхайн баялгийг цөөн хэд нь завшдагийг болиулъя. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна" гэжээ.

Дараа нь НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн асуудал яригдсан бөгөөд намын гишүүд нь огцруулах асуудлыг хүртэл хөнджээ. Ямартай ч тус намын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаас Бага хурлыг ирэх сард зохион байгуулах шийдэлд хүрсэн бололтой. Хуралдаанаас гарч ирж буй зарим гишүүдээс тодруулга авахад гэхэд "Аймаар юм болж байна" гэв.

Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ