Самсунгийн дэд ерөнхийлөгчид таван жил хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр Самсунг Электрониксийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнд тус улсын экс ерөнхийлөгчид авлига өгөхийг завдсан хэрэгт буруутган таван жил шоронд хорих ял оноолоо.
Мөн түүнийг гадаадад хөрөнгө нуусан, гэмт үйлдлээс ашиг олсон гэж буруутгажээ. 49 настай Ли Жэ Ёнд прокуророос анх 12 жилийн ял төлөвлөсөн байсан бөгөөд шүүх таван жил болгож бууруулсан байна.
Экс ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сүүн Сил нарт авлига өгснийхөө хариуд "Самсунг" группын компаниудыг нэгтгэхэд засгийн газраас дэмжлэг авч, групп дотрох эрх мэдлээ нэмэгдүүлэхийг завдсан гэж шүүх үзжээ.
Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг тус компанийн томоохон хувь эзэмшигч нь засгийн газрын мэдлийн Үндэсний Тэтгэврийн сан юм.
Өмнөд Солонгосын хамгийн том бизнес бүлэглэлийн өв залгамжлагч болох Ли Жэ Ён нь Чой хатагтайн удирддаг дөрвөн байгууллагад нийтдээ $38 саяын авлига санал болгосон аж. Шүүх хурлын үеэр Ли эдгээр баримтуудыг бүгдийг няцаасан байна.
Түүний хэрэг Өмнөд Солонгосын хамгийн том группын нэр хүндийг сэвтээж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ