Британийн тусгай хүчин орос хэлтэй мэргэжилтэнг хайв

Британийн тусгай зориулалтын хүчин орос хэлний мэдлэгтэй, тагнуулын ажлын туршлагатай бэлтгэл цэрэг эрж байна. Шаардлагад тэнцсэн хүнд түрүүч цол олгож, ажлын өдөрт хагас ажиллуулан, жилд 44 мянган стерлингийн фунтийн(56 мянга гаруй ам. доллар)цалин амлаж байгаа аж.
Ажилтан тагнуулын нууц мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бас орчуулга хийх юм гэж “Дейли миррор” сонинд бичсэн байна.
Одоогоор Нэгдсэн вант улсын зэвсэгт хүчин боловсон хүчний хямралд ороод байгаа аж. Бэлтгэл цэргүүдийн дундаас механик, мэдээллийн технологийн мэргэжилтэн, сургагч, төслийн зохицуулагчдыг хайж байгаа юм.
“Зэвсэгт хүчинд ажилтан элсүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал ноцтой болоод байгаа нь олонд тодорхой байгаа. Ингэхдээ бэлтгэл цэргүүдэд санал болгож буй ажлын байрны ихэнхи нь үнэхээр сайхан” гэж армитай холбоотой нэгэн хүн сонины сурвалжлагчид хэлжээ.
Санал болгож буй ажлын байрны ихэнхи нь Их Британид бөгөөд цалин нь 70 мянга фунт стерлинг (90 мянга орчим ам. доллар) хүрч болох аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ