Диана гүнжийн ослын тухай шинэ баримт олжээ

1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотод автын ослоор Диана гүнж амь үрэгдсэн билээ. Осол болсны дараахан Диана гүнж, тэрбумтаны хүү Доди аль-Файед, жолооч Анри Поль болон бие хамгаалагч Тревор Рич-Жонс нарын байсан газарт аврагчдын багийнхан иржээ. Тэдний нэг Ксавье Гурмело бүсгүйг машинаас гаргасан байна.

Гүнж амьд байсан бөгөөд сүүлчийн үгээ хэлж байжээ. Уг эмгэнэлт явдлаас хойш 20 жил өнгөрсний дараа тэр эр Диана гүнж сүүлчийн удаа юу хэлж байсныг ярихаар шийдсэн байна.

“Эмэгтэй арын суудлын урд шалан дээр хэвтэж байсан, тэр Диана гүнж байсныг би удалгүй мэдсэн. Тэр бага зэрэг хөдөлж байсан учир би түүнийг амьд байна гэж ойлгосон. Түүний баруун мөр шальгүй хөхөрсөн байсан бөгөөд өөр онцын зүйл харагдаагүй. Түүний биед цусны толбо огт байгаагүй”гэж Ксавье Гурмело ярьсан байна.

Диана ч бас түүний гараас барьж, сэтгэл санааны дэм үзүүлэх гэж оролдож байжээ. “Би түүний гараас барьхад гүнж бурхан минь, юу болох нь энэ вэ? гэж хэлж билээ. Би түүнд бага зэрэг хүчилтөрөгч амьсгалуулж, машинаас гаргахад бид бүгд түүний хажууд байсан. Бид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд түүний зүрх гэнэт зогсож, амьсгалахаа больсоныг бид харсан. Би түүний зүрхэнд иллэг хийхэд хэдхэн секундийн дараа тэр дахин амьсгалж эхлэсэн юм. Би түүнийг дотуураа хүнд гэмтсэн хэмээн бодоогүй" гэж Гурмело сэтгүүлчдэдярьжээ.

Ослоос хойш 20 жил өнгөрсөн ч аврагч тэр аймшигт өдрийн тухай маш тодорхой санаж байжээ. “Диана түргэний машинд байхдаа амьд байсан учир би түүнийг амьд гарна гэдэгт найдаж байсан юм. Гэвч тэр эмнэлэгт очоод нас барсныг би удалгүй мэдсэн” гэжээ.

Ослын жинхэнэ шалтгаан одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Түүний жолоочийг согтуу байж, хурд хэтрүүлсэн хэмээн зарим хүн нотлодог. Харин бусад нь ослыг зориудаар зохион байгуулсан гэж үздэг. Мөн мотороллераар Дианагийн машины араас хөөж явсан сурвалжлагчид буруутай гэсэн хувилбар ч байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ