Пентагон: Умард Солонгосыг устгах олон хувилбар бий

АНУ БНАСАУ-ыг бүр мөсөн устгахыг бодоогүй, гэхдээ устгах боломжтой гэж Пентагоны тэргүүн Жеймс Мэттис мэдэгджээ. Вашингтоны засаг захиргаа АНУ болон түүний холбоотнуудад учрах аливаа аюулын хариуд цэргийн арга хэмжээ авахад бэлэн байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
“Бид аль нэг орон, тухайлбал Умард Солонгосыг устгахыг эрмэлзээгүй. Гэхдээ манайд устгах олон хувилбар бий. АНУ болон түүний нутаг дэвсгэрт учрах аливаа аюулын эсрэг цэргийн хариу цохилт өгнө” гэж Мэттис Цагаан ордонд болсон зөвлөгөөний дараа мэдэгдсэн байна. Мөн тэрээр Пхеньяны эрх баригчдын үйлдэлд хариу барих цэргийн хувилбаруудыг ерөнхийлөгч Трампад танилцуулсан гэж мэдээлжээ.
“Цэргийн олон хувилбар бий бөгөөд ерөнхийлөгч тус бүртэй нь танилцахыг хүссэн. Бидэнд өөрсдийгөө болон манай холбоотон болох Өмнөд Солонгос, Японыг хамгаалах боломж бий" гэж Мэттис дурдсан байна.
Пхеньяны эрх баригчид ням гарагт тив хоорондын баллистик пуужинд устөрөгчийн цэнэгт хошуу суурилуулж туршсаны хариуд цохилт өгч болохыг Дональд Трамп үгүйсгээгүй юм. АНУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-ын энэхүү үйлдлийг дайсагнасан, осолтой үйлдэл хэмээн тодорхойлоод тус улстай бизнес эрхэлдэг орнуудтай худалдаа хийхээс татгалзана гэж мэдэгджээ.
Түүнчлэн ням гарагт Оросын ерөнхийлөгч В.Путин Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярьж, БНАСАУ-ын эргэн тойрны байдлыг хэлэлцсэн байна.
“Олон улсын хамтын нийгэмлэг сэтгэлийн хөөрөлд автахгүй байж тайван, хүлээцтэй ажиллах ёстой. Солонгосын хойгийн асуудлыг гагцхүү улс төр-дипломат арга хэрэгслээр л иж бүрэн зохицуулж болно” гэж үзэж буйгаа Путин илэрхийлсэн байна.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар ярихдаа БНАСАУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байна гэжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын цөмийн туршилтын асуудлаар даваа гарагт яаралтай хуралдана гэж АНУ-ын төлөөлөгчийн газраас мэдээлсэн байна. Уг хурал УБ-ын цагаар 22 цагт болох аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ