АНУ томоохон хориг хэрэгжүүлж Ким Жон Уныг сөхрүүлнэ гэв

Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын эсрэг ямар арга хэмжээ авах талаар хуралдсан байна.

Хурлын үеэр НҮБ-д суух АНУ-ын элч Никки Хэйли “БАСАУ-ын эсрэг хамгийн хатуу хориг л асуудлыг шийдэхэд тусална. Умард Солонгосын уг туршилтууд бол бүгдийнх нь нүүрийг алгадаж байгаатай адил” гэж мэдэгджээ.

Хурлын үеэр Хятад улс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг жил бүр АНУ-Өмнөд Солонгосын зохион байгуулдаг цэргийн сургуулилалтаар солилцож, царцаах санал гаргасан юм.

Үүний хариуд Никки Хэйли “Дайсагнагч этгээд цөмийн зэвсэгтэй болж, баллистик пуужингаа чам руу чиглүүлээд байхад хамгаалалтаа бууруулах алхам хийнэ гэж үү? Хэн ч ингэхгүй. Тэр тусмаа бид тэгж чадахгүй” гэж хэлжээ.

Харин Хятадын төлөөлөгч дипломат яриа хэлэлцээрээр л асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй, дайсагнагч талууд харилцан буулт хийх ёстой гэдэг байр сууриа хамгаалсаар байсан аж.

Хуралдааны төгсгөлд Никки Хэйли "Пхеньяны цөмийн хөтөлбөрийг урьд урьдынхаас илүү аюултай болсон тул алхам алхмаар хориг арга хэмжээ авдаг одоогийн зарчмаасаа татгалзаж, нэг мөсөн томоохон хориг хэрэгжүүлж Ким Жон Уныг сөхрүүлэх болно" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ