Хөх нуурт “Ангарагийн хотхон” байгуулна

Хятадын эрдэмтэд тус улсын баруун хойно байрлах Хөх нуурын өндөрлөгт “Ангарагийн хотхон” байгуулахад 400 сая юань ($61.1 сая) зарцуулах гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төслийн багийнхан, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийснийг Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Хятадын ШУА-ын сар болон сансрын гүнийг судлах салбарын захирал Лю Шяочун уг байгууламжийг эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын зориулалттай байхыг мэдээлсэн ч нээгдэх хугацааг хэлээгүй байна.

Хөх нуур мужийн Цайдамын хөндийн 95,000 км.кв газар нутгийг шинэ байгууламж эзлэхээр төлөвлөгджээ. Энэ бүс нутгийн хуурай, хадархаг орчин нь Ангарагийн нөхцөл байдалтай хамгийн төстэйд тооцогдож байгаа аж.

Энэхүү байгууламжид жуулчид зочилж, сансрын амьдралыг мэдрэх боломжтой бөгөөд мөн ирээдүйд Ангарагт илгээх судалгааны багийг энд бэлдэх гэнэ.

Төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлж, Хөх нуурын засаг захиргаа ШУА-тай газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. Алслагдсан бүс нутгийнхан ч уг төслөөс эдийн засгийн үр ашиг хүлээж байгаа аж.

Хятадын эрх баригчдын мэдээлснээр тэд 2020 онд анхны нисэгчгүй хөлгийг Ангарагт илгээх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ