Каталон муж тусгаар тогтнохыг хүсчээ

Испанийн хойд хэсгийн Каталон муж тусгаар тогтнох талаар бүх нийтийн санал асуулгыг явуулахаар шийджээ.

Тус мужийн хууль тогтоогчид лхагва гарагт санал хураахад 72 нь дэмжиж, 11 нь түдгэлзсэн байна. 11 цаг үргэлжилсэн ширүүн маргааны эцэст сөрөг хүчний 52 гишүүн хуралдааныг орхиж, санал хураалтад оролцоогүй аж. Үүний дараа Каталон мужийн ерөнхийлөгч Карлес Пуйгдемон санал асуулгыг ирэх сарын 1-нд зохион байгуулах хуулийг баталсан байна.

Каталон бол 32,000 км.кв газар нутагтай, 7.5 сая хүн амтай бөгөөд олон жилийн турш тусгаар тогтнолыг мөрөөдөж байгаа аж. Судалгаагаар Каталанчуудын 41 хувь тусгаар тогтнолыг дэмжсэн бол 49.4 хувь нь эсэргүүцэж байв.

Гэвч Испанийн ерөнхий сайд Мариано Рахои үндсэн хуулийн шүүхэд хандан, Каталанчуудын санал асуулгын хуулийг хүчингүй болгохыг хүссэн байна.

Мөн Нидерландын ING банк Каталоны тусгаар тогтнолыг Испаний эдийн засагт уналт авчрах муу үр дагавартай хэмээн анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ