Флоридагийн иргэд нүүж түгжрэл үүсгэв

Ирма далайн шуурга ирж буй сургаар Флоридагийн өмнөд хэсгийн хагас сая иргэнийг нүүн шилжих зөвлөмжийг эрх баригчид гаргажээ.

Үүнээс болоод Флоридагаас хойд зүгт чиглэсэн хурдны замууд түгжрэлд орж, нисэх онгоцны тасалбар олдоход хүндрэлтэй болсон аж. Мөн зам дагуух шатахуун түгээх станцуудын нөөц барагдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон байна.

АНУ-ын түүхэнд 1992 онд Флоридаг дайрсан Эндрью хар салхи хамгийн их хохиролтой гамшигт тооцогдож байв. Өнөөдрийн ханшаар $50 тэрбумын хохирол тухайн үед амссан гэдэг.

Ирма далайн шуурга түүнээс ч илүү хор хөнөөлтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулж буй. Карибын тэнгис дэх арлуудыг ээлж дараагаар сүйрүүлсээр буй Ирма бямба гарагийн өглөө Флоридагийн эрэгт хүрнэ гэж тооцоолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ