Дональд Трамп: Умард Солонгос зоргоор авирлахаа зогсоох ёстой

АНУ Умард Солонгостой "дайтна" гэсэн байр сууриа өөрчлөх боломжтой гэж Дональд Трамп мэдэгдлээ. Мөн Кувейт улсын Эмир Шейх Сабахтай Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр Умардын тал зоргоор авирлаж байгаагаа зогсоох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Түүнчлэн Трамп "Цэргийн ажиллагаа явуулах нь Умардын асуудлыг шийдэх боломжуудын нэг хэвээр байх болно. Гэхдээ энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэж ойлгож болохгүй. 25 жилийн өмнөөс АНУ-ын Ерөнхийлөгч нар Умард Солонгосын асуудлыг ярьсаар ирсэн. Харин хэлэлцээрт хүрсний дараа тус улс цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтээ шинэ түвшинд гаргадаг. Бид Умардад цэргийн ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсээсэй гэж хүсэхгүй байгаа" гэж мэдэгджээ.

Харин БНХАУ Умард Солонгост шахалт үзүүлэх НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжинэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Тодруулбал "Умард Солонгос нөхцөл байдалд оновчтой дүгнэлт хийж, өдөөн хатгасан үйлдлээ зогсоож зөв сонголт хийнэ гэдэгт бид найдаж байна. НҮБ тус улсад шаардлагатай хариу арга хэмжээ авахыг БНХАУ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хориг арга хэмжээ болон яриа хэлэлцээ ижил түвшинд байх хэрэгтэй. Энэ хоёрыг зэрэг хэрэгжүүлсэн тохиолдолд Солонгосын Хойгийн асуудлыг шийдвэрлэж чадна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ