Хүчтэй хар салхи Хятадыг чиглэжээ

Хятадын зүүн өмнөд бүсийн эрх баригчид өнөөдрөөс эхлэн хагас сая хүнийг эргээс нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Учир нь энэ долоо хоногийн сүүлээр тус бүс нутагт маш хүчтэй хар салхи болох гэж буй гэнэ. Талим нэртэй хар салхи нь Хятадын Фужянь мужийн эрэг дагуух хэд хэдэн хотыг дайрах төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.
Эхний ээлжинд 400-500 мянган иргэнийг эх газрын гүн рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан ба цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан тоо нь нэмэгдэх аж. Тэднийг сургууль, спортын танхимуудад түр орогнуулахаар болжээ.
Талим хар салхи өнгөрсөн бямба гарагт Филиппиний зүүн хэсэгт үүссэн бөгөөд баруун хойд зүгт шилжиж, Тайвань арал, Фужянь мужид хүрэхээр байгаа юм.
Салхины хүч 4 ба 5 дугаар ангиллын буюу Ирма хар салхитай дүйж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Одоо Хятадын орон нутгийн эрх баригчид Ирма хар салхины үед АНУ-ын засаг захиргааны авч хэрэгжүүлсэн арга хэмжээг анхааралтай ажиглаж, туршлага судалж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ