Путиний нэр дэвших төлөвлөгөөг боловсруулж дуусчээ

Кремльд боловсруулж буй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын стратеги бэлэн болсон талаар “Коммерсантъ” сонины мягмар гарагийн дугаарт бичжээ.

Энэ талаар ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан "Төрийн тэргүүний албан тушаалд Владимир Путиний нэр дэвшүүлэх ажил хоёр үе шаттай явагдана. Эхний шатны ажлыг 11 дүгээр сард явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ерөнхийлөгч кампанит ажилд оролцох эсэхээ мэдэгдэх ёстой. Уг асуудлыг 12 дугаар сар хүртэл сунжруулах боломжгүй. Хэрвээ ингэвэл ёс бус үйлдэл хэмээн үзэх болно” гэж тайлбарлажээ. Энэхүү кампанит ажлын хэлбэр нь ерөнхийлөгчийн шууд ярилцлагатай төстэй бөгөөд иргэдтэй уулзаж, нэрээ дэвшүүлэхийг хүссэн утгатай байх аж.

Харин хоёр дахь шатанд нэр дэвшигч өөрөө нэр дэвших хүсэлтэй баримт бичгийг хууль зүйн дагуу бүрдүүлэх ажээ. Албан ёсны компанит ажлыг маш шахуу байлгахын тулд гарын үсэг цуглуулах ажил хожуу эхлэх юм. Сонгуулийг 12 дугаар сарын 7-17-ны хооронд зарлана гэж “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуульд заасан байдаг. Үүнээс хойш 20 өдрөөс хэтрүүлэлгүйгээр (нэгдүгээр сарын 6-аас наана)санаачлагыг бүлгийг сонгуулийн төв комисст бүртгэх ёстой.

Мөн гарын үсэг цуглуулах ажилд “Нэгдмэл Орос” намын идэвхитнүүд туслах юм. Гэхдээ тэд намын төлөөлөгчийн хувиар биш, харин хувь хүний журмаар ажиллах аж.

Наймдугаар сард Буриадын оршин суугчид Путинийг сонгуульд оролцох эсэхийг түүнээс асуухад төрийн тэргүүн хариуд нь энэ тухай бодож үзнэ гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ