Аюулгүй зогсоолд автомашинаа байршуулахыг анхааруулав


Энэ сарын 9-ний өдөр өглөөний 5:41 цагт “Тоёото приус-20” маркийн автомашиныг өөрийн машинаа унаж буй мэтээр ердөө тавхан минутын дотор хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашчойлин хийдийн хажуугийн камертай зогсоолд иргэн Н.Даваажамц “Приус-20” маркийн 4185 УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинаа байршуулжээ.
Маргааш нь буюу энэ сарын 10-ны өглөө машинаа авахаар очтол зогсоолд байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан байна. Цагдаагийн байгууллагаас тухайн зогсоолын камерын бичлэгийг шалгаж үзэхэд үүрээр түлхүүр тааруулан үл таних этгээд тухайн машиныг унаад явсан нь тодорхой болжээ. Гэвч харанхуй байсан учир машин хулгайлсан этгээдийн царайг таних боломжгүй байсан аж.
Одоогоор тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд Замын цагдаагийн албанд мэдэгдэн, орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй юм байна.
Манай улсад он гарсаар автомашины хулгайн гэмт хэрэг нийт 217 удаа гарчээ. Түүнээс автомашиныг бүхэлд нь хулгайлсан тохиолдол 3-4 удаа бүртгэгдэж, хулгайд алдсан нэг машиныг эрэн сурвалжлан олж, үлдсэн хоёр автомашиныг хайж байгаа талаар албаныхан мэдээлэв.
Улсын хэмжээнд “Приус” маркийн автомашин нийтдээ 101,300 ширхэг, нийслэлийн хэмжээнд 80,863 ширхэг бүртгэгдсэн тоон мэдээлэл бий. “Приус” маркийн автомашин түлш бага зарцуулдаг учраас иргэдийн ихэнх хувь энэхүү автомашиныг унаж хэрэглэдэг байна. Хэт их хэрэглээг дагаад “Приус” маркийн автомашины хулгайн гэмт хэрэг болон эд ангийг нь дамлан наймаалах хэргийн тоо буурахгүй байгаа аж.
“Приус” маркийн автомашинтай иргэд ихэвчлэн толио алддаг бөгөөд хүйтний улирал эхлэхээр гурвалжин цонхыг нь хагалан батерейг нь хулгайлах тохиолдол эрс ихэсдэг байна. Мөн машины хучлагаыг шөнө оройн цагаар бага насны хүүхдүүд болон эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд бүлэглэн хулгайлж, дамлан наймаалж, иргэдийг ихээхэн хохироодог.
Иргэдийг замын цагдаагийн байгууллагаас автомашины камерын хяналттай зогсоолд байршуулахыг уриалан сэрэмжлүүлдэг боловч зарим тохиолдолд тухайн зогсоолын бичигдсэн камерын бичлэг шаардлага хангахгүй талаар иргэд гомдоллож байгаа аж.
Тиймээс автомашин эзэмшигч иргэн та хүнгүй гудамж талбай болон хяналтгүй газар өөрийн эзэмшлийн автомашинаа байршуулахгүй байх, автомашинаа байршуулахдаа холбоо барих дугаараа зайлшгүй тавих, толин дээрээ дугаараа бичих, харуул хамгаалалттай болон аюулгүй зогсоолд техник хэрэгслээ байршуулж байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ