133-р сургуулийн хичээл эхлээгүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд хичээллэхээр бүртгүүлсэн хүүхдүүд өнөөдрийг хүртэл сургуульдаа явж амжаагүй хүлээж байна. Энэ хичээлийн жил эхлэхтэй уралдан тус сургуулийн барилгын ажил бүрэн дууссан ч цахилгааны асуудал шийдэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хичээл нь эхлээгүй аж.

Сургууль хүүхдүүдээ хэдийнэ бүртгэсэн ч сургуулийг эрчим хүчээр хангахын тулд “Дүнжингарав” худалдааны төвөөс цахилгаан татах шаардлагатай болсон тухай эцэг, эхчүүд ярив. Хүүхдээ сургуульд бүртгүүлсэн эцэг, эхчүүд арга мухардахдаа өнөөдөр /2017.09.14/ “Дүнжингарав” худалдааны төвд хандан, хүсэлтээ гаргажээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын гэх тодотголтой нэг ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг байдаггүй. Ачааллаа дийлдэггүй өрхийн эмнэлгийг эс тооцвол. Тус хороонд 11.000 иргэн амьдардаг гэсэн тооцоо байдаг ч энэ тоо хэд хүрч нэмэгдсэнийг мэдэхгүй. Өнгөрсөн 2016 оны зун 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Женерал Тек” ХХК өөрсдийн эзэмшлийн барилгын талбайгаас сургууль барих газар гаргаж өгснөөр Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг барилгатай болгох боломж бүрдсэн юм. Сургуулийн барилга баригдах явцад тус сургуулийг улсын бус хувийн, өндөр төлбөртэй сургууль болгох гэж байгаа тухай яриа байсан бөгөөд хорооны оршин суугчид болон ажилтнууд сургуулийг төлбөргүй хэвээр нь үлдээхээр хөөцөлдсөн нь үр дүнд хүрсэн бололтой.

Шинээр ашиглалтад орж байгаа сургуульд суралцахаар бүртгүүлсэн олон зуун хүүхэд одоогоор хүлээлтийн байдалтай, зарим нь өмнө явж байсан сургуульдаа түр явж байгаа бол нэг хэсэг нь гэртээ хүлээж байгаа аж. Холбогдох яам, албан байгууллагууд энэ сургуулийн цахилгааны асуудлыг шийдэхэд анхаарч, хүйтний эрч чангарахаас өмнө хүүхдүүдийг сургуультай болгоход анхаарал хандуулахыг 26 дугаар хорооны оршин суугчид хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ