Д.Бямбасүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл олигархуудын эрх мэдлийг дээшлүүлэхэд чиглэж байна


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнгөрсөн сарын турш аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрийг хамруулсан 63 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад буй. Үүнд нийт 12797 иргэн оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар саналаа өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор эрдэмтдийн хэлэлцүүлэг өнөөдөр /2017.09.14/ Монгол Улсын эрдмийн их сургуулийн танхимд боллоо.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг харлаа. Хуулийн төсөлд ерөнхий чиг үүргийн таван яамтай болохоор тусгажээ. Заавал ийм утгаар Үндсэн хуульд “гар дүрэх” ямар ч шаардлагагүй. Жишээ нь Хууль зүй дотоод хэргийн яам хууль тогтоомжид хяналт тавих, хуульчийг бэлтгэх, сонгон шалгаруулах нэг номерын зорилт нь өдөр тутмын асуудалтай холилдоод ирэхээр сайд үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах заалт оруулсан байна. Ингэж огт болохгүй. Яагаад гэхээр УИХ-ын чуулган жилд хоёр удаа завсарладаг. Чуулган завсарлах хугацаанд онц байдал зарлах, дайны байдал зарлах шаардлага гарвал Ерөнхийлөгч хугацаа алдахгүй шийдэх боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл УИХ ирцээ бүрдүүлж, хуулийн төслөө өргөн барих гэсээр байтал хугацаа алдах аюултай. Үүнээс гадна Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хүчингүй болгох заалт оруулж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад Монгол Улсаа төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, цэргийн хэсэгчилсэн дайчилгаа, онц байдал зарлах бүрэн эрхтэй. Энэхүү онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөхөөс өөр аргагүй. Цаашид Үндсэн хуулийн дотоодтой зөрчилдөнө. Жишээ нь Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн байна гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг шинжийг байхгүй болгох гээд байна. Ингээд ирэхээр дээр хэлсэн Үндсэн хуулийн зөрчил явагдана" гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, доктор профессор Д.Бямбасүрэн "1990 оны Ардчилсан хувьсгалын үзэл санаа гажуудсан нөхцөлд Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр дамжуулж, луйврын аргаар төрийн эргэлт хийх гэж оролдож байна. Засгийн эрх мэдлийг намаар халхавчилсан олигарх бүлэглэл, тэдний эздийн гарт орсон бодит байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулахад чиглэж байна. Үүний баталгаа бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Монголын нийгэмд тулгарсан, бугшсан нэг түвэгтэй гол асуудлыг шийдэхэд чиглэж чадсангүй. Тухайлбал, төрийн ялзрал доройтол үргэлжилж олигарх бүлэглэлийн тэмцлийн талбар боллоо. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч энэ тухай олон удаа ярьсан. Хоёрдугаарт, нийгэмд шударга бус байдал, худал хуурмаг амлалтын барьцаанд орсон. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрх алдагдаж байна. Гуравдугаарт, Монгол Улсын төрийн тогтолцооны хамгийн сул дорой зангилаа нь УИХ түүний байгуулсан Засгийн газар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ байдлыг засахад чиглээгүй. Харин олигархуудын эрх мэдлийг дээшлүүлэхэд чиглэж байна. Дөрөвдүгээрт, Улс орон зэрлэг капитализм руу гулсаж байна.
Бүх ард түмний сонгодог төрийн тэргүүний эрх мэдлийг хязгаарлаж, Монгол төрийг сулруулахад чиглэж байна. Тавдугаарт, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, хариуцлага дээшлүүлнэ гэсэн санаа нь ард түмний хяналтаас Засгийн эрх мэдлийг бүрэн салгаж, нам дамжсан олигарх бүлэглэлийн хуйвалдааныг Монголын улс төрийн гол тэнхлэг болгоно. Зургаадугаарт, сүүлийн 10 жилийн дотор зургаан Засгийн газар солигдсон. Монголын улс төрийн тогтворгүй байдал архаг хууч өвчин мэт боллоо. Ийм нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр улс төрийн намууд төрийн толгойд залрах санаархлын илрэл юм. Иймд би дараах дүгнэлтийг хийсэн юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зохиогчид олон түмний хүссэн зарим асуудлаар өнгөлөн далдлалт хийж, олигарх бүлэглэлийн ноёрхолтой, зэрлэг капитализм бий болгоход чиглэж байна. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь цаашид сөргөлдөөний зам руу түлхэх болно" гэлээ.
ШУТИС-ын багш, Удирдахуйн ухааны доктор, профессор Х.Пүрэвдагва "1992 оны Үндсэн хуулийн төслийг 15 сар хэлэлцүүлж, 70 гаруй хоног хуралдаж байж гаргасан юм. Гэвч одоо Үндсэн хууль болохгүй байна гэдэг сэтгэгдлийг ард түмэнд төрүүлээд, Үндсэн хуульдаа халдах террор хийж байна. Төрийн эрх мэдлийг тодорхой хугацаанд авсан субъект хууль бусаар эцэг хуульд халдах юм бол монголыг хутгалж байна гэж хэлж ч болох юм. Миний бодлоор шинжилгээ маш дутуу хийгдсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалт бүрээр шинжилгээ хийх ёстой байсан. Хоёрдугаарт, заалт бүрийн хэрэгжилтийг судалж, шинжлэх ёстой байсан. Нэмэлт, өөрчлөлт хоёр чинь дундаа таслалтай байдаг юм. Гэтэл хоршоо үг мэт олон түмнийг төөрөгдүүлж байгаа шүү. Ямар ч байсан өнөөгийн цаг хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх бодит шалтгааныг хараагүй байна. Задлан шинжилгээ хийсний дараа бодит шалтгаан дээр тулгуурласан төсөл боловсруулах ёстой" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ