Гурвантэс суманд 42 айлын орон сууц барина


Саусгоби сэндс компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Эс Жи Эс 999” төсөл хэрэгжүүлж, 42 айлын орон сууц барихаар тус сумын ЗДТГ, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, Монгол 333 компанитай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Ёслолын үйл ажиллагаанд Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, Засаг дарга О.Баттогтох, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн дэд захирал Б.Цээпилдорж, Монгол 333 корпорацийн ТУЗ ийн дарга У.Баатар, Саусгоби сэндс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Төрийн Орон Сууцны Корпорацын санаачилсан “ТОСК-999” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй энэ төсөл нь тус суманд амьдардаг компанийн ажилчид болон бусад иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилготой бөгөөд 4 давхар, 4 барилга нийт 42 айлын орон сууц баригдах юм. Төсөл гурван сарын хугацаанд хэрэгжинэ.
“Эс Жи Эс 999” төслийн 42 айлын орон сууцны барилгын 1м2 талбайн үнэ 999,000 төгрөгөөс хэтрэхгүй аж.
Компанийн тухай товч мэдээлэл: Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулж буй уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Торонто болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Саусгоби Ресурс компанийн 100 хувийн охин компани юм.
Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 250 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгжээр удаа дараа, мөн 2017 оны Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж” байгууллага шагналын ШилдгийнШилдэг таван байгууллагаар, “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарч ирлээ. Нийгмийн хариуцлагыг тууштай хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжилд нийт 8 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны хаалтын төлөвлөгөө боловсруулсан компани юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ