МҮЭХ Засгийн газрыг яаралтай байгуулахыг шаардав


Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос УИХ-д хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд цаг хугацаа алдалгүйгээр шинэ Засгийн газрыг яаралтай байгуулж, ажиллах боломжоор ханган, нийгмийн өмнө тулгараад байгаа олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сануулжээ.
Мэдэгдлийг дэлгэрүүлбэл, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна.
Иймээс цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарч ажиллахыг мэдэгдье” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ