Авто ослоор гэр бүлээ алдсан эмэгтэй АТГ-т хандав

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд автын ослоор нэг гэр бүлийн долоон хүн амиа алджээ. Энэ хэрэгт оролцогч одоо болтол илрээгүй, хэрэг хаагдсан тул хохирогч Х.Алгирмаа, Ц.Бат-Өлзий нар АТГ-т хандлаа. Энэ үеэр хохирогчид дараах байр суурийг илэрхийлэв.

Уг хэргийг тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хохирогчдын сууж явсан автомашин “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн байна. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас долоон хүн шатаж, амиа алджээ.

Амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн. Хэргийг харсан гэрчүүд бий. Дүүгийн маань машиныг шаргал өнгөтэй машин шахсаны улмаас осол болсон. Үүнийг харсан гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Машинд манай дүү хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд нэг нь ч амьд үлдээгүй. Хэргийг шалгаж байсан прокурор гурван удаа солигдож, гурван удаа хэрэг хаагдсан. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсныг цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Ингээд хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас АТГ-д хандаж байна” гэв.

Амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий “Бид ажил явдлын дараа Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна. Энэ хэргийг АТГ-т өгөхөөс өөр аргагүй” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ