Ж.Батзандан гишүүн өнөөдөр гурван талт уулзалт зохион байгууллаа


УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр “Хангарьд” ордны А танхимд БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны иргэдийн нэн тулгамдсан асуудал болох газрын зөвшөөрөл болон Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хэрэгжилтийн талаар дээрх хороодын иргэд мөн уг төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, асуудал шийдвэрлэх эрх, үүрэг бүхий албан тушаалтнуудыг оролцуулан гурван талт уулзалт зохион байгууллаа.
Нийслэлээс алслагдсан 11-р хорооны хувьд амьдарч байгаа газраа эзэмших, өмчлөх зөвшөөрөл авч чадаагүй 1000 орчим өрх байдаг. Харин 12, 13-р хорооноос Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн 179 өрхийн хувьд уг төслийн хэрэгжилт удаашралтай, бүр зогсонги байдалд байгаа нь маш их хүндрэл учруулж байгаа.
Дахин төлөвлөлтөд хамрагдсан 179 өрхөөс гадна 13-р хорооны 150 өрх нэгдсэн “Газрын эзэн-Баянзүрх” нөхөрлөлийнхөн өөрсдийн эзэмшлийн 9,1 га талбайдаа 910 айлын орон сууц бүхий хороолол байгуулах зураг төсөл нь бэлэн, хөрөнгө оруулагч хайж байгаа. Улсаас төсвийн хөрөнгөөр дэд бүтцийг нь шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд шийдэж чадаагүй олон асуудал байгаа учраас нийслэл оролцоогүй, иргэдийн санаачилгаар хийгдэж буй ажилд төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй гэсэн хариуг П.Баярхүү дарга өглөө.
16-р хорооны тухайд Нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” тухай захирамжийн дагуу гурван байрыг нурааж дахин барих асуудал мөн сунжирч байгаа юм. Эдгээр байрны иргэдийн хувьд байр нь ихээхэн муудсан тул ашиглалтад орсон байранд шилжүүлэн оруулах хүсэлт тавихад П.Баярхүү дарга ТОСК-ийн байранд оруулах боломжийг судалая гэлээ.
Түүнчлэн трасс дагуу оршин сууж буй Хөлийн гол, Товчоо орчмын 40-өөд өрх газар чөлөөлөх мэдэгдэл аваад чөлөөлсөн ч нөхөн олговрын дүн дээр тохиролцохгүй, маргаантай байгаа талаар иргэд уулзалтын үеэр хөндлөө.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлаар холбогдох газруудад удаа дараалан албан бичиг илгээж байсан ч 35 удаа бүтэмжгүй хариу ирсэн. Иймд энэ удаа талуудыг нүүр тулан уулзуулж, нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэж байна. Мөн нийслэл, дүүрэг болон өөрийн ажлын албанаас хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хамгийн боломжит хувилбараар аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх чиглэл өглөө.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ