Шинэ Ерөнхий сайдыг шимтэн хүлээсэн долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болсон зүйлсийг тоймлон хүргэе.

ОФФШОРЧДЫГ ОДОО ЯАХ ВЭ?

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан энэ оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг “сануулсан”.
Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн. Гэтэл одоо оффшорчдод олгосон дээрх хугацаа дууссан бөгөөд байдал хэвээрээ л байна. Оффшорчдын хэн нь ч мөнгөө татаж оруулж ирсэнгүй.

Ц.САНДУЙН АСУУДЛЫГ 22-НД ШИЙДНЭ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал /2017.09.14/ боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Тэрээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв. Хуралдаанаар энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаан болохоор тов зарлагдав.

МАН БАГА ХУРЛЫН ТОВОО ЗАРЛАВ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэдээлэл хийлээ. Тэрээр "Удирдах зөвлөлийн хурлаар МАН ын бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулах шийдвэр гарлаа. Мөн өнөөдрийн хурлаар болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт хийх, бага хуралд яригдах асуудлаар ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт орон тоооны бус нарийн бичгийн дарга нар, мөн бүлгийн дэд дарга нарыг оролцуулж ажиллахаар боллоо. Энэ үеэр МАН бол ардчилалтай нам. Эдгээр 65 гишүүн хуваагдсан зүйл огт байхгүй гэдгийг адбан ёсоор хэлж байна. Өнөөдрийн хуралд байсан 30 гишүүн бүгд санал бодлоо чөлөөтэй сайхан ярилцлаа. Нэг үгээр эв нэгдлийн төлөө ойлголцсон, зовлон жаргалаа ярилцсан хурал болсон. Мөн нэмээд хэлэхэд ерөнхий сайд болох хүн намын дарга болохгүй" гэв.

ЕРӨНХИЙ САЙДАД ЯРИГДАЖ БУЙ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДРОВ

Мэргэжлийн Засгийн газар огцорч, МАН дараагийн Засгийн газраа байгуулах ажилдаа ороод буй. Ийнхүү эрх баригч нам доторх Ерөнхий сайдын тулаан хүрээгээ тэлж эхэлсэн сурагтай. Дараагийн Ерөнхий сайдад Шадар сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайдС.Бямбацогт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа нарын нэрс яригдаж эхэлсэн байна.

Харин УИХ-ын зарим гишүүний зүгээс дараагийн Ерөнхий сайдад Ц.Нямдоржийг зүтгүүлж байгаа гэнэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнгөрсөн сарын турш аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрийг хамруулсан 63 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад буй. Үүнд нийт 12797 иргэн оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар саналаа өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор эрдэмтдийн хэлэлцүүлэг /2017.09.14/ Монгол Улсын эрдмийн их сургуулийн танхимд боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, доктор профессор Д.Бямбасүрэн "1990 оны Ардчилсан хувьсгалын үзэл санаа гажуудсан нөхцөлд Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр дамжуулж, луйврын аргаар төрийн эргэлт хийх гэж оролдож байна. Засгийн эрх мэдлийг намаар халхавчилсан олигарх бүлэглэл, тэдний эздийн гарт орсон бодит байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулахад чиглэж байна” гэлээ.

ЭМЧ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДАВ

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос өнөөдөр /2017.09.15/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувиас доошгүй нэмэх зардлыг 2018 оны төсөвт тусгахыг шаардсан юм. Тус салбарын 20 мянган хүний гарын үсэгтэй шаардлага УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд байгаа аж. Тэдний хувьд шаардлагын хариуг ажлын тав хоногт хүлээх бөгөөд шийдэхгүй тохиолдолд бүх шатны тэмцлийг цааш үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

УМАРД СОЛОНГОС ДАХИН ПУУЖИН ХАРВАЛАА

Есдүгээр сарын 15-ны өдрийн үүрээр Умард Солонгосын нийслэл Пхеньяны ойролцоогоос төрөл нь тодорхойгүй пуужин харважээ. Энэ талаар Ройтерс агентлаг Өмнөд Солонгосын цэргийнхний хэлснийг иш татан мэдээлсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын холбогдох хүмүүс пуужин харвасан зүйлд дүн шинжилгээ хийж буйг БНСУ-ын штабуудын дарга нарын удирдах газраас мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, пуужин 3700 километр нисэж Японы Хоккайдо арлаас зүүн тийш 2000 километрт унажээ. Пуужин 770 километрийн өндөрт ниссэн нь дээд үзүүлэлт болсныг РИА Новости агентлаг уламжилсан байна. Пуужин Японы хуурай газар, ус, агаарт ямар ч хохирол учруулаагүй аж.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ