Орос, АНУ-ын харилцаа муудсан шалтгааныг нэрлэв

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Орос, АНУ-ын харилцаанд хохирол учруулж буй гол шалтгааныг нэрлэсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны дэмий гэмээр үйлдлүүд нь гол шалтгаан юм гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
“Элдэв мөргөлдөөн гарч байгаагаас биш өмнөх засаг захиргаа аар саархан зүйлээр шалтаглан өширхөн ажиллаж байснаас болж Орос-Америкийн харилцаа хохирч байгаа юм. Нобелийн энх тайвны шагналтны зүгээс ийм үйлдэл гарна хэмээн би огт бодож байгаагүй” гэж Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Мөн тэрээр "Хоёр дахь гол шалтгаан нь Оросыг үзэн ядах хийрхэл. Оросын эсрэг иймэрхүү санаа бодлоос болж хоёр улсын харилцааны асар их чадавхи одоо зогсоод байна. Хоёр том гүрэн өөрсдийн үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байгаагаас дэлхийн хамтын нийгэмлэг хохирч байна" гэж мэдэгджээ.
Бүхий л гамшиг зовлонд Оросыг буруутгаж байдаг нь надад таалагддаггүй гэж ГХЯ-ны тэргүүн дурдсан байна.
“Орос, Хятад хоёр Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэх ёстой. Орос улс Сирийн талаар ийм, тийм юм хийх ёстой гэх. Бидний ямар ч холбогдолгүй Йемений зэрэг бусад хямралд биднийг буруутгадаг” гэж сайд хэлжээ.
Мөн "Өрнөд ч Оростой яриа хэлцээ хийхийг хүсэхггүй байгаа. Тухайлбал, “хориг арга хэмжээний тоглоом наадмыг” зогсоох тухай одоо болтол ямар ч мэдэгдэл хийхгүй байна. Өрнөдийн түншүүд үүнийг хэзээ нэгэн цагт ойлгох л байх. Учир нь амьдрал өөрөө энэ гарцгүй байдлаас татгалзахыг шаардаж байгаа юм" гэж ГХЯ-ны тэргүүн тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ