Ли Ён Хо: Трамп бол биеэ тоосон, сэтгэцийн гажигтай хүн

БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны сайд Ли Ён Хо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ, тус орны удирдагчийг доромжилсны хариуд пуужингаар цохилт өгнө хэмээн сүрдүүлснийг хэвлэлд мэдээлжээ.
“Хэлэх үгийнхээ үндсэн хэсэгт орохоос наана дөрвөн өдрийн өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үг НҮБ-ын энэ ариун индрийг гутаасан” гэж Ли Ён Хо дурдсан байна.
"Трамп бол биеэ тоосон, сэтгэцийн гажигтай хүн” бөгөөд Америкчууд ч өөрсдөө түүнийг янз бүрээр хочилдог гэж сайд хэлжээ. Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойшхи найман сарын хугацаанд Трамп “НҮБ-ын мөнгийг л шүтэж, цус урсгах явдлыг байх л зүйл хэмээн үздэг дээрэмчдийн үүр болгохоор санаархаж байна” гэж Ли Ён Хо мэдэгджээ.
Тэрээр мөн "Ийм хүн өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн алба хашиж, цөмийн товчлуур дарах боломжтой байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд хамгийн ноцтой заналхийлж байна” гэж мэдэгджээ. “Биеэ авч явах ёс журмыг мэддэггүй тэр хүн манай орны дээд ерөнхий командлагчийг “пуужин” хэмээн хочлосноор түүний нэр төрийг гутаалаа. Ингэснээрээ тэр залруулахын аргагүй алдаа гаргаж, манай пуужингаар АНУ-ын эх газрын бүх хэсэгт цохилт өгөхөөр болголоо” гэж онцолсон байна.
“Трамп өөрөө амиа хорлохтой адил бодлого баримтлаж байна. Хэрвээ хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, гэм зэмгүй америк хүмүүс амь үрэгдвэл үүний хариуцлагыг Трамп бүрэн хүлээх болно” гэж сайд анхааруулсан байна.
Түүнчлэн "Цөмийн зэвсэгтэй болох нь Умард Солонгосын хувьд өөрийгөө хамгаалах хэрэгсэл байх бөгөөд энэ нь АНУ-тай хүчний тэнцвэрт байдлыг хангах эцсийн зорилготой юм" гэж Ли Ён Хо хэлжээ.
Өмнө нь Трамп өөрийн Twitter-т Ким Чен Уныг “хүн пуужин” хэмээн хочилсон билээ. Сүүлд нь тэрээр Алабама муж улсад өөрийн талынхантай уулзахдаа Ким Чен Уныг хэрхэхийг мэдэж байна гэж мэдэгдээд түүнийг “пуужин агссан тагжгар” хэмээн хочилсон юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр сөнөөгч нисэх онгоцуудаар хамгаалуулсан АНУ-ын агаарын цэргийн хүчний “В-1В Lancer” бөмбөгдөгч нисэх онгоцууд Умард Солонгосоос зүүн тийш тэнгисийн дээгүүр олон улсын харъяа агаарын хилд нислэг үйлдсэн байна.
“Энэ нислэг нь аливаа аюулыг устгах цэргийн олон хувилбар ерөнхийлөгчид байгаагийн тов тодорхой сануулга болж байна” гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дана Уайт мэдэгдээд, зэвсэглэлээ зузаатгахУмард Солонгосын хөтөлбөрийг “ноцтой аюул” гэж тодорхойлсон байна.
“Бид АНУ болон манай холбоотнуудын нутагдэвсгэрийг хамгаалах цэргийн бүхий л боломжийг ашиглахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ