Умард Солонгос: Трампын хэлсэн үгийг дайн зарласан гэж үзсэн

"БНАСАУ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг дайн зарласан гэж үзэж, бүхий л боломжтой хариу арга хэмжээг авна" гэж Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо мэдэгджээ.
“Бид хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Тэд манай орны агаарын орон зайд орж ирээгүй ч америкийн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцуудыг сөнөөх эрхтэй” гэж сайдын хэлснийг хэвлэлд дурдсан байна.
Гэхдээ Америкийн засаг захиргаа үг хэлээ бодит хэрэг болгохгүй гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлжээ.
Хэрэв БНАСАУ АНУ болон түүний холбоотнуудад аюул учруулвал, тус орныг устгана хэмээн Трамп сүрдүүлсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ үгийг дайн зарласан хэрэг хэмээн үзсэн байна.
АНУ Умард Солонгост дайн зарлаагүй, ингэж мэдэгдэх нь утгагүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс даваа гарагт мэдэгджээ.
"АНУ-ын зүгээс дайн зарласан гэх Пхеньяны эрх баригчдын мэдэгдэл нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд бид Солонгосын хойгийг эв зүйгээр цөмийн зэвсэггүй болгохыг цаашид зорих болно." гэж АНУ-ын төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэсэн товчооны төлөөлөгч Катина Адамс мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ