ОХУ-д хүний махаар хооллодог хосыг баривчилжээ

ОХУ-ын цагдаа нар тус улсын түүхэн дэх хамгийн хэрцгий, аймшигтай хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн талаар CNN мэдээллээ.

Хэрэгт холбогдсон сэжигтний гар утаснаас үеэр нь мөчилж тасалсан цогцоснуудын зураг олдсон тухай РИА Новости мэдээлсэн байна. Энэ жигшүүрт хэрэгт Оросын өмнөд хэсгийн Краснодарт гарчээ. Цагдаа нар 35 настай эрийг эхнэрийн хамт 1999 оноос хойш 30 хүний амийг хөнөөж, мөчилж, махаар нь хооллосон байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа аж. Хэргийн золиос болсон долоон хохирогчийн хэн болохыг тогтоожээ.

Есдүгээр сарын 11-нд Краснодар мужийн цагдаагийн хэсэгт барилгачин Роман Хомяков нэгэн гар утас гудамжнаас олсноо авчирч өгсөн байна. Дэлгэц нь хагарсан хар өнгийн Самсунг утаснаас аймшигтай фото зурагнууд илэрч, удалгүй цагдаа нар утасны эзнийг олж баривчилжээ. Тэрхүү гар утсанд мөчилж, тасалсан эмэгтэй хүний цогцсын хажууд эрэгтэй хүн зогсож буй зураг хадгалаастай байсан гэнэ. Зураг дээрх хохирогч эмэгтэйн биеийн үлдсэн хэсгүүдийг шуудайнд хийж хаясан байсныг хэд хоногийн дараа олж, илрүүлжээ.

Зураг дээрх эрэгтэй өөрийгөө хүний амь хороогоогүй, цогцос олоод дэргэд нь зогсож байгаад зургаа авхуулсан, удалгүй гар утсаа гээсэн гэж мэдүүлсэн байна.

Гэр бүлийн хоёрыг баривчилсан тухай мужийн мөрдөн байцаах газар мэдээлжээ. Тэдний гэрээс давстай шингэнд хийсэн, хөлдөөсөн, гарал үүсэл нь үл мэдэгдэх махнууд илэрсэн байна.

Сэжигтнүүд одоогоор хоёр аллагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ