Орон гэргүй эр цүнх олоод эзэнд нь буцааж өгчээ

Британийн Болтон хотод оршин суух тодорхой хаяггүй нэгэн эр цүнх, iPhone, 300 фунт стерлинг (405 ам. доллар)олоод эзэнд нь буцааж өгсөн байна.
Түүний шударга занг биширсэн бүсгүй мөнгө цуглуулах ажил эхлүүлж, түүнд 1,5 мянган ам.доллар цуглуулжөгсөнийг “Миррор” сонинд бичжээ.
20 настай бүсгүй Дейзи Оуэн шөнийн цэнгээний газарт цүнхээ гээснээ ярьсан байна. Орон гэргүй Пол Кальдербанк гэдэг эр цүнхийг олж, тэр даруй түүний эзнийг хайж эхэлжээ.
Пол хоёр өдрийн турш гудамжаар явж, Дэйзитэй ойролцоо насны хүмүүсийг зогсоон "ийм хүнийг танихгүй биз" хэмээн асууж сураглажээ.
Ингэж явах үеэр тэрээр Дейзигийн найз нөхөдтэй тааралдаж, цүнхийг нь бүсгүйд дамжуулж өгөхийг тэднээс хүссэн байна.
Өөрийнх нь эд зүйлс, мөнгийг олж өгсөн эрийн шударга занг бүсгүй гайхширч, энэ хүн “хүн төрөлхтөнд итгэх итгэлийг надад дахин төрүүллээ” гэжээ.
“Хорвоод ийм хүмүүс байдагт би маш талархаж байна. Тэр өөрийн гэсэн орон гэргүй, нийтийн байранд амьдардаг ч надаас сохор зоос ч аваагүй” гэж Дейзи ярьжээ.
Дараа нь бүсгүй Полд туслаж, шинэ хувцас, хоол хүнс, өрөөний түрээсийн хөлсийг нь төлөхийн тулд онлайнаар мөнгө цуглуулах ажил зохион байгуулсан байна. Ийнхүү хоёр өдрийн дараа 1,1 мянган фунт стерлинг (1,5 мянган ам. доллар) цугларчээ.
“Хорвоод ийм хүмүүс илүү олон байх ёстой. “Би энэ хүнийг орон гэртэй болгоно” гэж Дейзи бичсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ