БНХАУ Умард Солонгосын бүх компаниудыг хаахаар шийдэв

Пхеньяны эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хоригийн хүрээнд Умард Солонгосын хөрөнгө оруулалттай, хамтарсан бүх компаниудыг хаах болсноо Хятадын засгийн газар мэдэгджээ.

Хориг хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 120 хоногийн дотор Хятадад үйл ажиллагаа явуулж буй Умард Солонгосын оролцоотой компаниуд, хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсооно гэдгээ Хятадын Худалдааны Яам мэдээлсэн байна.

Мөн гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг Хятад, Умард Солонгосын хамтарсан компаниуд хаагдах аж. Харин НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан ашгийн бус дэд бүтцийн төслүүдийг хоригийн гадна үлдээхээр болсон байна. Есдүгээр сарын 11-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосын дэглэмийн эсрэг ээлжит эдийн засгийн хориго тавьсан нь хамгийн хатууд тооцогдож буй.

Үүний үр дүнд Пхеньян жилд 800 сая ам.долларыг оёмол бүтээгдэхүүний экспортоос, 500 сая ам.долларыг гадаад дахь ажиллах хүчнээсээ алдах юм.

Умард Солонгосоос Хятадад оруулсан шууд хөрөнгө оруулалт 2006-2015 оны хооронд 22 сая ам.доллар байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрс багасч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ