АНУ-ыг цөмийн эргүүлэгт оруулна гэв

Хориг арга хэмжээний бодлогоо үргэлжлүүлж, стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцуудаа Солонгосын хойгт ирүүлсэн тохиолдолд АНУ-ыг цөмийн эргүүлэгт оруулахаар сүрдүүлжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн тараасан Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайвны төлөө БНАСАУ-ын хорооны даргын мэдэгдэлд ингэж мэдээлжээ.
БНАСАУ-ын цэргийн хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд байна. Хориг арга хэмжээ авч, бөмбөгдөгч нисэх онгоцуудаа ирүүлэх нь АНУ-ын нутаг дэвсгэрийг галан далай болгох ажиллагаа мөн гэдгийг АНУ ойлгох хэрэгтэй гэж мэдээнд тэмдэглэжээ.
БНАСАУ-ын талаар ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдлийг Умард Солонгос дахин шүүмжилээд, түүнийг “Америкийн солиотой өвгөн” хэмээн цоллосон юм.
Пхеньяны удирдлага пуужин-цөмийн хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлж байгаагаас болж одоо Солонгосын хойгийн байдал туйлын түгшүүртэй хэвээр байгаа билээ.
Пентагон аравдугаар сард нисэх онгоц тээгч USS Ronald Reagan (CVN-76)хөлөг онгоцыг Солонгосын хойгийн зүүн эрэг рүү явуулах гэж байна. “Ёнхап”агентлаг тус орны батлан хамгаалах яаман дахь орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгчийн мэдэгдснийг иш татахдаа, уг хөлөг онгоц Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинтэй хийх хамтарсан тактикийн сургуулилтад оролцох ёстой гэж мэдээлжээ.
Түүний хэлснээр нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг байлдааны хэд хэдэн хөлөг онгоц, түүний дотор пуужинт хөлөг онгоц, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Aegis” системээр тоноглогдсон мина тээгч хөлөг онгоц, түүнчлэн “Томагавк” далавчит пуужин бүхий атомын цохилтын шумбагч хөлөг онгоц дагалдах аж.
Тактикийн сургуулилтын хүрээнд АНУ, Өмнөд Солонгос хоёр Умард Солонгосын пуужин харваж байгааг илрүүлэх, нислэгийн замыг ажиглах, амдан сөнөөх арга боловсруулах аж.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээ хийнэ, гэвч цаг алдаж байна. Ерөннхийлөгч Дональд Трамп ням гарагт өөрийн Твиттерт ингэж бичжээ. “Пуужин агссан жаахан хүнтэй хэлэлцээ хийхээр дэмий цаг үрж байгааг би Рекс Тиллерсонд хэлж байсан. Рекс минь эрч хүчээ хэмнэ, бид хийх ёстой зүйлээ хийх болно” гэж Трамп мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ